Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байдлаар иргэдийн амьжиргааг дээшлүүлж байна

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар болон Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн төлөөлөгчид өнөөдөр нийслэлийн оршин суугчдын 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг Сонгинохайрхан дүүрэгт ажиллаа. Тус ажлын хүрээнд тэд “Профайлинг” буюу ажил хайгчийн хөдөлмөр эрхлэх ур чадварын үнэлгээ хийх шинэлэг аргачлалын үр дүнд цалинтай хөдөлмөр эрхэлж буй, мөн хувиараа бизнес эрхэлж буй иргэдтэй уулзав. Үйлчлүүлэгч төвтэй, үр дүнд чиглэсэн энэхүү санаачилгыг Европын Холбооны санхүүжилттэй НҮБХХ-ийн “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл хэрэгжүүлж байна. 

Өнөөдөр Ядуурлыг Устгах Олон Улсын Өдөр тохиож байгаа ба энэ жил олон улс даяар бүх нийтийн зохистой хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг онцлон, тэгш хүртээмжтэй цалин хөлс олголт, аюулгүй орчинд хөдөлмөр эрхлэх нөхцөлийг хангах явдлыг чухалчилж байгаа юм. Ядуурал нь дэлхий дахинд тулгамдсан асуудал болсон энэ үед хөдөлмөр эрхлэлтийг дэмжих явдал нь зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд ядууралтай тэмцэх хамгийн боломжит бөгөөд тогтвортой шийдэл юм. 

“Профайлинг” үйлчилгээний хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтнүүд ажил хайгчдын хөдөлмөр эрхлэхэд хэр зэрэг бэлэн байгааг үнэлдэг бөгөөд улмаар шаардлагатай ур чадварын сургалт, зөвлөгөө өгөх; хөдөлмөр эрхлэлтийн ганцаарчилсан төлөвлөгөөг хамтран боловсруулах замаар хөдөлмөрийн зах зээлд нэгдэх боломжийг нь нэмэгдүүлдэг юм. Өнөөдрийг хүртэл хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр ажилладаг 240 гаруй мэргэжилтэн уг үйлчилгээг үзүүлэх сургалтад хамрагдаж, 13,000 гаруй ажил хайгчид дэмжлэг үзүүлэн ажиллажээ. Өдгөө төслийн дэмжлэгтэйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь тус үйлчилгээг хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс, албадаар дамжуулан тус үйлчилгээг орон даяар үзүүлэх боломжтой болсон.

Кристоф Форакс, Европын Холбооны Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын дэд тэргүүн, хэлэхдээ “Хөдөлмөр эрхлэлт нь зүгээр ч нэг орлогын эх үүсвэр биш, хүний нэр төр, эдийн засгийн бие даасан байдлын илтгэл юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь хувь хүн, олон нийт төдийгүй бүхэл бүтэн улс үндэстнийг ядуурлаас ангижруулах гол хөшүүрэг болж өгдөг. Тийм ч учраас Европын Холбоо нь Монгол Улсын ядуурлыг бууруулах үйл явцад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна” хэмээлээ. 

ТХЗ-уудын хэрэгжилтийн талаарх хамгийн сүүлд гаргасан тайланд одоогийн байдлаар дэлхийн улс орнуудын 30% нь л 2030 он гэхэд ядуурлыг устгах зорилтод хүрэх төлөвтэй байгааг тусгажээ. Түүнчлэн, “Монгол Улсын Үндэсний Сайн Дурын Илтгэл”-д Монгол Улс нь "Ядуурлыг Устгах”-аас бусад бүх ТХЗ-уудын хүрээнд тодорхой ахиц дэвшил гаргаж байгааг дурдсан байна. Монгол Улсад ажилгүйдлийн түвшин жил ирэх тусам нэмэгдсээр байгаа ба 2020 оны байдлаар ядуурлын түвшин 27.8% хувьтай байна. 

Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матильда Димовска “Дэлхий дахинд эдийн засгийн хямрал, төрөл бүрийн шилжилт явагдаж буй энэ үед, ажлын байр бий болгох нь ядуурлыг бууруулах, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал арга хэрэгсэл болоод байгаа юм. “Профайлинг” санаачилга нь зохистой хөдөлмөрийг дэмжих замаар иргэдийг ядуурлаас ангижруулах чухал арга хэрэгсэл билээ. Энэхүү санаачилгын хүрээнд олж авсан мэдлэг мэдээлэл болон Европын Холбооны өргөн цар хүрээтэй дэмжлэг нь Монгол Улсад тогтвортой, чанартай ажлын байр үүсгэх, улмаар хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгох нөхцөлийг бүрдүүлж, бодлогын түвшинд өөрчлөлтийг авчирна хэмээн найдаж байна” хэмээн онцоллоо. 

“Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран дагалдан суралцах, ур чадварыг нэмэгдүүлэх, хувийн хөдөлмөр, бизнес эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.