Human Rights & Democracy

Монгол Улс Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна

26/09/2019 - 11:10
News stories

Монгол Улс Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн баярыг тохиолдуулан Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал хариуцсан Дээд төлөөлөгч/Европын Комиссын Дэд Ерөнхийлөгч хатагтай Федерика Могеринигээс Монгол Улсын Гадаад харилцааны сайд ноён Дамдины Цогтбаатарт баярын захидал илгээж, мэндчилгээ дэвшүүлжээ.  

Тэрбээр захидалдаа, ЕХ болон Монгол Улсын уламжлалт, найрсаг харилцаа нь ардчилал, хүний ​эрх, хууль дээдлэх ёсонд суурилан гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглээд 2017 онд хоёр талын харилцааны тулгуур баримт бичиг болох  Түншлэл, Хамтын Ажиллагааны Хэлэлцээр хүчин төгөлдөр болж улмаар Улаанбаатар хотноо ЕХ-ноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газрын байгуулсанд баяртай байгаагаа илэрхийлжээ.

Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын ажиллагааны чанар, цар хүрээ улам өргөжин худалдаа эдийн засаг, хөгжлийн тусламж, хүний ​​эрх, иргэд хоорондын солилцоо, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон чиглэлээр хөгжиж байна.

Дээд төлөөлөгч захидалдаа талуудын худалдаа эдийн засгийн харилцаа сүүлийн жилүүдэд улам эрчимжиж байгааг тэмдэглээд, Монгол Улсын бараа бүтээгдэхүүнүүд Хөнгөлөлтийн Ерөнхий Систем буюу тогтвортой хөгжил, сайн засаглалыг дэмжих тусгай зохицуулалтын (GSP+) дагуу ЕХ-ны зах зээлд тарифын хөнгөлөлт эдэлж байгаа төдийгүй газар зүйн байршлаас үл харгалзан ЕХ нь Монгол Улсын гурав дахь гол худалдааны түнш болохыг тэмдэглэлээ.

Европын Холбоо нь 1990-ээд оноос хойш Монгол Улсад өрнөсөн ардчилал, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шилжилтийн явцыг эхнээс нь тууштай дэмжиж ирсэн бөгөөд хоёр талын харилцааг улам ойртуулах сонирхолтой байгаа илэрхийллээ.  

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд иргэдийнхээ амьдралыг сайжруулж, тэдэнд илүү олон боломжийг бий болгох зорилго нь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нийтлэг сонирхол байсаар байна. 

Languages:
Хянан засах хэсгүүд: