Delegation of the European Union to Uganda

Европын Холбоо, НҮБ-ын ХХААБ болон ХХААХҮЯ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллана

06/04/2021 - 10:03
Agriculture and Food Safety

 

2021 оны 4 сарын 6-нд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ) агро-бизнесийн салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой төсөлд гарын үсэг зурлаа.  Энэхүү төсөл нь Европын Холбооны санхүүжилтээр, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр тэргүүлэн, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” хэмээх томоохон төслийн бүрэлдэхүүн юм. Тус төсөл нь үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлт, зохистой хөдөлмөрийг дэмжих, төсөв санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх, улмаар Тогтвортой Хөгжлийн Зорилгуудад хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Төслийн баримт бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааны үеэр Элчин сайд Траян Христеа “Европын холбоо 2015 оноос хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхээр дэмжин ажиллаж байна. Бид өмнөх “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” олон шинэ инноваци нэвтрүүлж, өртгийн сүлжээнд 2500 гаран ажлын байрыг болгосон амжилттай үр дүнг гарган хэрэгжүүлсэн. Энэ шинэ төсөл маань залуучууд, эмзэг бүлгийнхэнд хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай дахин хамтран ажиллах болсондоо тун таатай байна.” гэж онцолж байлаа.

ХХААХҮЯам болон НҮБ-ын ХХААБ хамтран хэрэгжүүлэх бүрэлдэхүүн хэсэг нь хөдөө аж ахуйн салбар дахь залуучуудад ажлын байрыг олноор бий болгох боломж олгох төр, хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнтэй загварыг бий болгож турших, инноваци нэвтрүүлэх замаар хөдөө аж ахуйн өртгийн сүлжээг хөгжүүлэх ахиулах, дотоодын болон олон улсын зах зээлд өрсөлдөхүйц, чанар, аюулгүйн стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний брэндүүд бий болгохыг дэмжих зэрэг олон үр дүнтэй ажлуудыг хийх юм.

З.Мэндсайхан Сайд “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг Европын холбооны санхүүжилтээр саяхан хэрэгжүүлээд дуусаад байсан. Тус төслийн үйл ажиллагаа нь яамны стратеги зорилттой шууд нийцэж, хүнсний үйлдвэрлэлд үнэ цэнийн болон кластерийн сүлжээг хөгжүүлэхэд олон сайн туршлагыг бий болгосон. НҮБ-ын ХХААБ-тай хамтран хэрэгжүүлэх энэ шинэ төсөл маань ч олон сайхан үр дүнг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна.” хэмээв.

НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа “Хөдөө аж ахуйн салбар ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд тогтвортой үргэлжлүүлэх ажиллаж байгаадаа баяртай байна. Тэр дундаа залуучуудад илүү боломж олгох, дэмжих нь салбарын хувьд урт хугацаандаа үр өгөөж өндөртэй хөрөнгө оруулалт болох юм. НҮБ-ын мэргэжлийн техникийн байгууллагын хувьд хамгийн шилдэг туршлага,  мэдлэгийг нутагшуулан хэрэгжүүлэх болно.” хэмээн ярьсан юм.

Төслийн баримт бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич оролцож “Энэхүү төслийн хүрээнд хийгдэх шинэчлэлүүд нь нарийн төвөгтэй, олон талт байдлаас үүдэн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх оролцогч байгууллагуудын болон салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайн байх нь маш чухал юм. Монгол Улсын итгэлт түншийн хувьд мөн хөгжлийн шийдлийг санаачлагч, хэрэгжүүлэгчийн хувьд, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бүх түншүүдтэйгээ хамтран ажиллах болно" гэлээ.

2020 оны 5-р сард баталсан Европын Холбоо (ЕХ)-ноос  Монгол Улсад үзүүлэх 50.8 сая еврогийн Төсвийн дэмжлэгийн хөтөлбөрийн эхний 16 сая еврогийн санхүүжилт хийгдсэн бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд “Монгол улсад Тогтвортой Хөгжлийн Зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү төсөл нь Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны стратегийн бодлого төлөвлөлтийг дэмжих, үйл ажиллагаатай нягт уялдуулах юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс уг төслийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран 3.5 жил хэрэгжүүлнэ.

Languages:
Хянан засах хэсгүүд: