Delegation of the European Union to Papua New Guinea

Европын Холбоо, Монгол Улс хоорондын харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой уулзалт болж өнгөрлөө

Улаанбаатар, 04/12/2020 - 11:52, UNIQUE ID: 201204_43
Press releases

 

 

Европын Холбоо (ЕХ), Монгол Улсын хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Хамтын ажиллагааны хамтарсан хорооны 20 дугаар хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Энэхүү хуралдаан нь харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Талууд коронавирусийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй үр нөлөө болон Монгол Улсын 2020 оны сонгуулийн талаар санал солилцож, ярилцав.

2014-2020 оны хооронд ЕХ-ноос Монгол Улсад 138 сая еврогийн хөгжлийн тусламж үзүүлсэн байдаг бөгөөд үүнээс 37.5 сая еврог Team Europe санаачилгын хүрээнд Монголын эрүүл мэндийн салбарыг КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга болон нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагаврыг бууруулах зорилгоор олгосныг ЕХ –ны талаас онцлов.

Цар тахлын улмаас иргэдийн амьдрал, амьжиргаа, эрүүл мэнд, эдийн засагт хүнд цохилт ирснийг тодотгон, цар тахлын сөрөг үр дагаврыг бууруулах, ялангуяа эмзэг бүлэгт үзүүлж буй нөлөөллийг хамтын хүчин чармайлтаар бууруулахыг чухалчлав.

ЕХ нь эв санааны нэгдлийн хүрээнд КОВИД-19 вакциныг бага, дунд орлоготой орнуудад шударга, хүртээмжтэй байдлаар хүргэхийг зорьж ажиллаж байна. Бага, дунд орлоготой гэсэн томъёололд хамаарах 92 улсад вакцин худалдан авахад нь бодит дэмжлэг үзүүлж COVAX Facility механизмд 870 сая еврогийн тусламж үзүүлснээр тус байгууллагын хамгийн том хандивлагч нь болж байна. Монгол Улс COVAX-аас дэмжлэг авах боломжтой улс орны тоонд багтсаныг ЕХ-ны тал тусгайлан тэмдэглэв. 

Цар тахлын үед ЕХ ба Монгол Улс нь хүний эрхийг хамгаалах, дэмжих чиглэлээр цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллана.

Талууд нөхцөл байдал бүрдсэн тохиолдолд Иргэд хоорондын харилцааг дэмжих, тэр дундаа боловсрол, судалгаа шинжилгээний Европын Холбооны нээлттэй хөтөлбөрүүдэд оюутан залуус, их дээд сургуулийг хамруулах, иргэд хоорондын зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөд үргэлжлүүлэн ажиллах сонирхлоо монголын тал дахин дурьдав. 

Мөн эдгээр асуудлаас гадна Монгол Улс  Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллагатай (ФАТФ) тохиролцсон үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй хатуу тэмцэх тогтолцоог бэхжүүлж, дутагдлыг арилгах чиглэлээр хүчин чармайлт гаргаж, тус байгууллагын шинжээч нарын айлчлалыг амжилттай зохион байгуулж, улмаар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтаас гарсанд ЕХ-ны зүгээс баяр хүргэлээ. 

Татвартай холбоотой асуудлуудаар тодорхой ахиц, дэвшил гаргаж хяналтын үр дүнд эерэг үзүүлэлтэд хүрч чадсан тул Европын Холбооны Зөвлөл Монгол Улсыг татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас хассан билээ.

Монгол улсын эдийн засгийг сэргээх, байгаль орчинд ээлтэй ногоон эдийн засгийг бий болгох, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, төрөлжсөн эрчим хүчний эх үүсвэртэй болох шаардлагатай талаар санал солилцов. БНХАУ-ын Куньмин хотод болох Биологийн олон янз байдлын асуудлаарх НҮБ-ын хурал (UN Conference on Biodiversity) (COP15), Их Британийн Глазго хотод болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын хурал (COP26) (UN Conference on Climate Change) болон Парисын хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэхэд хамтын оролцоог ханган ажиллах нь чухал байгаа дээр санал нэгдлээ. Талууд цаашдаа ч мөн нягт хамтран ажиллаж ЕХ-ны Европ-Азийн холбоо хамтын ажиллагааны стратеги мөн Монголын Талын Зам хөтөлбөрийг харилцан эрчимжүүлэх боломжтой болно.

ЕХ, Монголын Хамтын ажиллагааны хамтарсан хорооны хурлын хүрээнд ЕХ, Монголын Хүний эрхийн асуудлаарх ээлжит яриа хэлэлцээ, Хөгжлийн хамтын ажиллагааны ажлын хэсгийн хуралдаан болон Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдааныг ч зохион байгуулсан байна.

ЕХ ба Монгол Улсын хамтарсан хорооны ээлжит хуралдааныг ирэх 2021 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар талууд тохиролцож чадсан нь хуралдааны бас нэгэн үр дүнтэй шийд байлаа. 

Хамтарсан хорооны хуралдааныг Европын Холбооны талаас тус Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал ноён Гуннар Виганд, харин Монголын талаас Монгол Улсын Гадаад харилцааны сайд ноён Н.Энхтайван нар даргалав.

Languages:
Хянан засах хэсгүүд: