Delegation of the European Union to Mongolia

Ногоонбаатар эко урлагийн олон улсын наадам

22/04/2021 - 07:32
Новости

Улаанбаатар хот маань ногоон, оршин суугчид нь байгальд ээлтэй, урлагаар амьсгалсан сайхан хот байгаасай гэж бид мөрөөддөг билээ. Энэ мөрөөдөлд хүрэхэд нэмэр оруулах зорилгоор Европын Холбооны Соёлын Институтийн Нэгдлээс санхүүжилттэй “Ногоонбаатар” Эко Урлагийн Олон Улсын Наадам нь монгол, франц, герман, чех уран бүтээлчидтэй хамтран энэ оны 3-р сараас үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Наадам эхэлснээр Герман, Франц, Чех улсын уран бүтээлчид, мэргэжилтнүүд Монголоос сонгогдсон 24 уран бүтээлчтэй гудамжны болон олон нийтийн урлаг, ногоон санаачилгын талаар туршлага солилцлоо. Гаднын уран бүтээлчид Монголд ирэх ёстой байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас онлайн хэлбэрээр оролцож байгаа юм.

Энэхүү наадмыг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, БНЧУ-ын Элчин сайдын яам, Монгол-Францын төв, Монгол дахь ХБНГУ-ын соёлын Гёте-Институт, Монголын Урлагийн Зөвлөл, Дүрслэх Урлагийн Академи хамтран зохион байгуулж, 976 Арт Галерейгаас санаачилсан Улаан Булан төслийн баг куратороор нь ажиллаж байна.

 

Тус төсөлд Герман улсаас оролцож буй Кристиан Эшэр нь анх 2019 онд ирж Ногоонбаатар эко урлагийн наадмын төслийг боловсруулахад оролцож байжээ. Тэрээр биологич мэргэжилтэй бөгөөд олон нийтийн хандлагыг байгальд ээлтэй болгон өөрчлөх зорилгоор Rehab Republik хэмээх төрийн бус байгууллагыг ажиллуулдаг байна. Олон нийтийн хандлагыг өөрчлөхийн тулд хүргэх гол санаа нь хүнд ойлгогдохуйц, олны анхаарлыг татсан, уриалан дуудах хүчтэй байхыг чухалчлан ярьж монгол уран бүтээлчидтэй туршлагаасаа хуваалцлаа. Далайн эргийн хамгийн түгээмэл хог хаягдал болох тамхины ишийг хаяхыг болиулахын тулд далайн эрэг дээр хайрцаг хэлбэртэй майхан угсран, дотор нь амьд хөгжим тоглуулж, билетийн төлбөрийн оронд тамхины иш хогийн саванд хийлгэж байсан зэрэг олон сонирхолтой төслүүдийн талаар ярьж өглөө.   

Францаас оролцож буй Сэт (жинхэнэ нэр нь Жулиан Малланд) 30-аад жил гудамжны уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд хүүхдийг гол сэдвээ болгон зурдаг аж. Дэлхийн олон орноор явж, олны танил болсон, өөрийн өвөрмөц хэв маягаар хотын гудамжийг чимдэг энэ уран бүтээлч нутгийн оршин суугчдыг оролцуулж, тухайн газар нутаг, дүүргийн тулгамдсан асуудлуудыг, орон зайн онцлог, түүх, соёлтой нь уялдуулан бүтээлээ туурвидаг аж. Харин Чех улсаас оролцсон Итка Копейткова, Давид Штраусс нар нь гудамжнаас хог хаягдал, нийгмийн тархийг угаасан хэрэггүй зурагт хуудаснуудыг хуулан авч эвлүүлэн бүтээлээ туурвиж өөрийн үзэл бодлыг илэрхийлдэг байна.

Германы уран бүтээлч Юлия Нойхаус нь 3-р сарын 15-наас эхлэн Дүрслэх Урлагийн Академийн дизайны сургуулийн монгол оюутнуудад зориулан зурагт ном бүтээх арга техник, санааг хэрхэн боловсруулдаг талаар онлайн хичээл зааж эхэлсэн юм. Юлия Нойхаус нь 2008 оноос хойш хэвлэлийн газруудад чөлөөт уран бүтээлчээр ажиллаж, Германы их сургуулиудад зурат номын талаар хичээл заадаг байна.

Төслийн хамтрагчаар Чингэлтэй дүүрэгт байрлах Уулын Нуур цэцэрлэгт хүрээлэн сонгогдсон ба тус хүрээлэнгийн дотор хэсэгт болон Наран туул 2 захаас цэцэрлэгт хүрээлэн хүртэлх 600 метер гудамжинд Ц.Ариунтөгс, М.Батзориг, Т.Энхболд, Э.Жанцанхорол, Р.Лувсандорж, Ц.Түвшинжаргал, С.Батсайхан Н.Амарсайхан, О.Төгөлдөр, Б.Идэр, Р.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ, Э.Цагаандорж, Ж.Шижирбаатар, М.Мөнх-Эрдэнэ, Д.Отгонбаяр нарын Монголын шилдэг контемпорари уран бүтээлчид уран зураг, баримал зэрэг бүтээлүүдээ тууриваад эхэллээ. Тэд бүтээл тууривах явцдаа агаарын бохирдлын хор уршгийг таниулах, олон нийтийн хандлагыг байгаль орчинд ээлтэй болгож өөрчлөх дээр анхааран ажиллах юм. Уран бүтээлчдийг ажиллаж байх явцад оршин суугчид олноор ирж үзэхийн сацуу баярлаж талархсанаа илэрхийлсээр байна. Төсөл хэрэгжиж дуусахад Уулын нуур цэцэрлэгт хүрээлэнгийн хавь ойр урлагийн орчин болон хувирах ба зам дагуу алхах иргэдэд музей үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлэх юм.

Түүнчлэн тус наадмын хүрээнд агаарын бохирдлын сэдвээр дунд сургуулийн сурагчдын дунд зургийн уралдаан, Дүрслэх Урлагийн Академийн оюутнуудын дунд иллюстраци зургийн уралдаан зарласан ба шалгарсан бүтээлүүдийг томоор хэвлэн Уулын Нуур хавийн гудамжинд байршуулна.

Урлагийн хөтөлбөрүүдээс гадна тус наадмын үйл ажиллагааны хүрээнд Уулын Нуур цэцэрлэгт хүрээлэнгийн төв байрыг дулаалах төслийг Европын Холбооны Монгол дахь Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр "Жэрэс" ТББ хэрэгжүүлж байна.

“Ногоонбаатар” Эко Урлагийн Олон Улсын Наадмын үр дүнг танилцуулах өдөрлөгийг Уулын нуур цэцэрлэгт хүрээлэн дээр 5 дугаар сарын 1-нд зохион байгуулна.

Холбогдох утас: 94051127; 99051127

И-мэйл: nogoonbaatar2020@gmail.com

Facebook: Nogoonbaatar International Eco Art Festival

Languages:
Редакционные разделы :