Delegation of the European Union to Mongolia

STREAM - Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах төсөл

16/04/2021 - 05:18
Environment and Climate Action

Европын Холбоо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын Хүнс, хүнс хөдөө аж ахуйн байгууллага (FAO) хамтран Монгол Улсын хөдөө аж ахуй, ойн салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлнэ

2021 оны 4 сарын 15 өдөр, Европын Холбооноос Монгол улсад суугаа Элчин сайд Траян Христеа,  Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь Суурин төлөөлөгч Даниел Пассон, НҮБ-ын Хүнс, хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Төслийн менежер Др. Майкл Трокенброт нар хамтын ажиллагааны шинэ төсөл хэрэгжүүлэхээр олон талт түншлэлийн баримт бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны шинэ төсөл “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” буюу товчоор СТРИЙМ (STREAM) төсөл нь байгаль орчны доройтол, хүнсний тогтолцоонд тулгамдаж буй асуудлуудыг урт хугацаандаа шинэлэг, тогтвортой газрын менежментийг хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх замаар шийдэхэд чиглэж байна. Төслийг Европын Холбоо болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас санхүүжүүлж, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, НҮБ-ын Хүнс, хүнс хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ), Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) хамтран хэрэгжүүлэх юм.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Траян Христеа: Монгол Улсын байгаль орчны салбарыг дэмжин ажиллахаа  илэрхийлээд, “Өнөөдөр Нэг Европ Нэг Баг хөтөлбөрийн хувьд олон улсын түншүүдтэйгээ хамтран нэгэн чухал үйл явдлыг тэмдэглэж байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөөх түншлэл (GCCA), Хөдөө аж ахуйн судалгаа хийх замаар ухаалаг инновацийг хөгжүүлэх (DESIRA) консорциумын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол улсын оруулах үндэсний зорилтот хувь нэмэр оруулахад нь дэмжин ажиллах болно. Бид Монгол Улсын Засгийн газартай хамтран ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны дэмжлэг, Европын орнууд, НҮБ-ын ХХААБ-ын туршлагад тулгуурлан ой бүхий газрын менежментийг сайжруулж, тогтвортой газар тариалан эрхлэхийг дэмжих ажилд шинэлэг санаа, инновацийг хэрэгжүүлэн ажиллах юм” гэж тэмдэглэв.

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Даниел Пассон, “GIZ нь Монгол Улсад байгалийн нөөцийг хамгаалах, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр сүүлийн 25 жил ажилласан туршлагатай бөгөөд энэхүү туршлага маань STREAM төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Ялангуяа энэхүү төсөл нь Нэг Европ Нэг Баг хөтөлбөрийн хүрээнд Европын Холбоо, Герман Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй анхны төсөл гэдгээрээ онцлог бөгөөд НҮБ-ын ХХААБ, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран энэхүү ойн төслийг хэрэгжүүлэх болсондоо баяртай байна” гэв.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Винод Ахужа НҮБ-ын ХХААБ нь Монгол Улсын Засгийн газартай хөдөө аж ахуй, ойн салбарт олон жил амжилттай хамтран ажиллаж хэмээгээд: “Манай байгууллага нь хөдөө аж ахуйн салбарын бүхий л түвшинд биологийн төрөл зүйлийг сэргээх, хамгаалах, түүний тогтвортой менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр түншлэгч байгууллагуудтай нягт уялдаатай хамтран ажилладаг.  Энэхүү төслийн хүрээнд, НҮБ-ын ХХААБ нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон БОАЖЯ-тай хамтран ХАА-экологийн бүтээгдэхүүний өртгийн сүлжээ, цаашлаад уур амьсгалын ямар ч цаг үед тэсвэртэй хүнсний тогтолцоог хөгжүүлэхэд хамтран ажиллаж, үндэсний эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, үйлдвэрлэгчдийн чадавхыг бэхжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллах болно. НҮБ-ын ХХААБ нь Европын Холбооны зүгээс энэхүү төсөл болон бидний хэрэгжүүлж буй бусад төслүүдийг дэмждэгт талархал илэрхийлье” гэв.

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Ёорн Розенберг STREAM төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж буй Европын Холбоо болон гишүүн орнуудад талархал илэрхийлээд, “Герман Улс нь Монгол Улстай байгаль орчин, биологийн төрөл зүйлийг хамгаалах чиглэлээр олон жил амжилттай хамтран ажиллаж байгаа билээ. Энэхүү хамтын ажиллагааны үр дүн бодитой, тогтвортой байгаад Монгол Улсын Засгийн газарт энэ ташрамд талархал илэрхийлье. Европын Холбооны хөгжлийн бодлогод чухал байр суурь эзэлдэг асуудлаар GIZ-ийг төсөл хэрэгжүүлэх багийн гишүүнээр сонгосон нь Европын Холбооны гишүүн орнуудын мэдлэг туршлагыг үр дүнтэй ашиглах боломжийг олгож байгаа гэдгийг тэмдэглэхэд таатай байна” гэв.

БНЧУ-саас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Ийржи Бродски Монгол Улсад 2021-2024 онд хэрэгжих Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM) төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, БНЧУ-ын Брно хотын Мендел Их сургуулийн тэргүүлж буй олон улсын их, дээд сургуулиудын консорциум төслийн сонгогдсон аймгуудад ойн судалгаа, сургалт, төслийн удирдлагын асуудлыг хариуцаж ажиллах болсныг дуулгахад таатай байна гэв. Тэрээр, “БНЧУ  нь Мендел Их сургуулиараа дамжуулан ойн менежментийг төлөвлөх, ой, газрын экологийн чиглэлээр олон Монгол мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлж байсныг дурдаад, энэхүү хамтын ажиллагаа нь Монголын судалгааны болон боловсролын байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэж тэмдэглэлээ.

БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Филипп Мэрлин хэлэхдээ, “Франц Улс нь 20-р зууны эхэн үеэс эхлэн газар зүйн заалтыг хэрэглэж эхэлсэн бөгөөд энэ чиглэлээр олон жилийн туршлага хуримтлуулсан юм. Франц Монгол хооронд хамтын ажиллагаа 2014 оноос хойш улам бүр нягт болсон бөгөөд үндэсний түвшинд газар зүйн заалтыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, зарим нэг бүтээгдэхүүнийг, тухайлбал, Увсын чацарганыг газарзүйн заалтыг бүртгүүлэхэд дэмжлэг үзүүллээ. Газар зүйн заалт нь тухайн бүтээгдэхүүний гадаадын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бөгөөд бүтээгдэхүүнийг тухайн газар нутагтай  ямар байдлаар (үйлдвэрлэх арга, соёлын өв гэх мэт) холбогдож байгаа тухай мэдээллийг өгдөг. STREAM төслийн хүрээнд Франц Улс Монгол Улсад газар зүйн заалтыг хөгжүүлэх, хүлээн зөвшөөрөх чиглэлээр үргэлжлүүлэн мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажиллах бөгөөд энэ нь цаашлаад Монголын экспортыг нэмэгдүүлэх, тогтвортой эдийн засгийн хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой юм” гэж онцлов.

Төслийн тухай

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ)-тай хамтран Европын Холбоо, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр STREAM төслийг хэрэгжүүлэх бөгөөд төсөл нь Монгол Улсад байгаль орчны доройтол, хүнсний тогтолцоонд тулгамдаж буй асуудлуудыг урт хугацаандаа шинэлэг, тогтвортой газрын менежментийг хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх замаар шийдэхэд чиглэж байна. Төслийг хоёр чиглэлээр хэрэгжүүлнэ. НҮБ-ын ХХААБ нь хөдөө аж ахуйн салбарын бүтээмж, тогтвортой байдал, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх хүрээнд хөдөө аж ахуйн газрын менежментийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох байдлаар хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг нь биологийн төрөл зүйлийг хамгаалах, ойн нөөц бүхий газрын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэхэд түлхүү анхаарч ажиллах юм. STREAM төслийг 2021 оны 5 сараас 2024 оны 4 дүгээр сарыг дуустал гурван жилийн хугацаанд Сэлэнгэ болон Хэнтий аймгийн тус бүр гурван суманд хэрэгжих юм.

 

 

 

Languages:
Secțiuni editoriale: