Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар

“Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл

01/04/2021 - 03:42
Better Public Services

 

Ковид-19 цар тахал Монгол Улсын эдийн засагт, ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ажиллах хүч их шаарддаг салбаруудад хүндхэн сорилтуудыг бий болгож байна. Түүгээр ч зогсохгүй нийгмийн эмзэг бүлэг болох залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон эмэгтэйчүүдэд илүү хүндээр тусч Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхэд Монгол Улсын гаргасан ахиц дэвшлийг ухраах эрсдэлтэй юм.

Эрсдэлт энэ хүнд үед Европын Холбоо (ЕХ)-ноос Монгол Улсад үзүүлэх 50.8 сая еврогийн төсвийн дэмжлэгийн хүрээнд хэрэгжиж буй “Монгол улсад Тогтвортой Хөгжлийн Зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл нь 2020 оны 12-р сард нээлтээ хийсэн. Тус төсөл нь хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн салбарт төрийн үйлчилгээг үр ашигтай, хариуцлагатай тайлагналтай, хэрэгцээнд нийцсэн байдлаар хүргэх, түүнчлэн төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцооны шинэчлэл, институцийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Төслийг Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран 2021-2024 онд хэрэгжүүлэх юм.

Төслийн Удирдах зөвлөлийн хурлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Христеа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич нар даргалж, төслийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Хуралд хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд болон Удирдах зөвлөлийн гишүүн байгууллагуудын төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцлоо.  

"Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нэг томоохон зорилт бол халамжаас хөдөлмөрт шилжих юм. Энэхүү зорилттой уялдсан төсөл хэрэгжиж байгаад баяртай байна. Ялангуяа мэргэжлийн боловсролын сургалтад түшиглэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь маш чухал асуудал юм. Төслийн хүрээнд эмзэг бүлгийн иргэд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийг зорьж байгаа нь тэгш бус байдлыг устгах тухай Тогтвортой хөгжлийн зорилт 10-тай уялдаж байна. Энэхүү төслийн Удирдах зөвлөлийн хурлыг хамтран даргалах болсонд таатай байна.” хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хурлыг нээж хэлсэн үгэндээ дурьдсан юм.

“Европын Холбоо цар тахлын хүнд хэцүү цаг үед Монгол Улсыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахад бэлэн байна. Бид хүчтэй, уялдаатай түншлэлийнхээ хүрээнд улам эрчимжсэн бодлогын яриа хэлэлцээ болон реформийн санхүүжилтийн хоосон орон зайг багасгах чиглэлд хамтран ажиллахдаа таатай байх болно. Бүх түншүүддээ энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх эрч хүч, урам зоригийг хүсэн ерөөе” хэмээн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Христеа нээлтийн үгэндээ онцоллоо.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич “Энэхүү төслийн хүрээнд хийгдэх шинэчлэлүүд нь нарийн төвөгтэй, олон талт байдлаас үүдэн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх оролцогч байгууллагуудын болон салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайн байх нь маш чухал юм. Монгол Улсын итгэлт түншийн хувьд мөн хөгжлийн шийдлийг санаачлагч, хэрэгжүүлэгчийн хувьд, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бүх түншүүдтэйгээ хамтран ажиллах болно" гэлээ.

Европын Холбооны тухай

2020 оны 5-р сард баталсан Европын Холбоо (ЕХ)-ноос  Монгол Улсад үзүүлэх 50.8 сая еврогийн Төсвийн дэмжлэгийн хөтөлбөрийн эхний 16 сая еврогийн санхүүжилтийг 2020 оны 10 дугаар сард Монгол улсын Засгийн газар хүлээн авсан билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд “Монгол улсад Тогтвортой Хөгжлийн Зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл 2020 оны 12 дугаар сард нээлтээ хийсэн бөгөөд цар тахлын нийгэм-эдийн засгийн үр нөлөөг бууруулах хүчин чармайлтанд хувь нэмэр оруулах юм. Уг төсөл нь үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлт, зохистой хөдөлмөрийг дэмжих, төсөв санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх, улмаар Тогтвортой Хөгжлийн Зорилгуудад хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.

НҮБХХАБ-ын тухай

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь (НҮБХХАБ) хүн бүр цаг ямагт эрүүл чийрэг оршин  амьдрахад шаардлагатай хоол, хүнсний хэрэглээ, шим тэжээлийн нөхцлийг сайжруулах замаар өлсгөлөнг зогсоохын төлөө олон улсын хүчин чармайлтыг манлайлж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын мэргэшсэн агентлаг юм.

ОУХБ-ын тухай

Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгэмд шударга ёсыг бэхжүүлье. Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь НҮБ-ын хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрөлжсөн агентлаг юм. Бид засгийн газар, ажил олгогч, ажилтны нийгмийн түншлэл, хэлэлцээг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн, хөдөлмөрлөх эрхийг хамгаалж, хүн бүрийг нийгмийн хамгаалалд хамруулахдаа хүн төвтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэн хөдөлмөрийн сайхан ирээдүйг бүтээхийг зорьж байна.

Languages:
Хянан засах хэсгүүд: