Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар

Хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой шинэ төсөл нээлтээ хийлээ

28/01/2021 - 11:23
Democracy and Human Rights

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ) нь Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын санхүүжилттэй  “Монгол Улсад хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Ковид-19 цар тахлын үр нөлөөг бууруулах” шинэ төслийн нээлтийг  2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр цахимаар хийлээ.  Тус төслийг цар тахлын үед  хүүхдийн эсрэг хүчирхийлэл,  тэр дундаа үл хайхрах  хэрэг өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, үүсэж буй  нөхцөл байдалд  хариу арга хэмжээ авах зорилгоор 15 сарын хугацаатай хэрэгжүүлэх юм.

Монгол Улсад Ковид-19 болон  түүнийг даван туулах хүчин чармайлт  хүүхдүүдэд урт хугацаанд хүндээр нөлөөлж байгаа  билээ. Эрүүл мэндийн салбар хүнд дарамтад орохоос урьдчилан сэргийлж, цар тахлыг хязгаарлах арга хэмжээг  амжилттай хэрэгжүүлсэн  хэдий ч хүүхдийн боловсролын хүртээмж, сэтгэл зүй болон бие бялдрын хөгжил, төлөвшилт зэрэгт хүсээгүй үр дагаврыг авчирч цаашлаад  хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь эрс нэмэгджээ. НҮБ-ын Хүн амын сан болон НҮБ-ын Хүүхдийн сангаас 4 дүгээр сард гаргасан нөхцөл байдлын тайлангаас үзэхэд 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар  цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 2019 оны мөн үетэй харьцуулахад 47% хувиар өссөн болохыг тогтоожээ. Мөн 2020 оны эхний хагаст гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчдын 26% хувь нь хүүхэд байна. Түүнчлэн  дээрх байгууллагуудын   9 дүгээр сард гаргасан нөхцөл байдлын тайлангаас үзэхэд Хүүхдийн тусламжийн утсанд сэтгэл санааны хүчирхийлэл, үл хайхрах болон бие махбодын хүчирхийллийн дуудлага өссөн мэдээтэй байна. 

Ковид-19 цар тахал болон түүнээс урьдчилан сэргийлэх  хязгаарлалт тогтоосны  улмаас Монгол Улсын эдийн засаг, нийгэмд  урт хугацаанд хуримтлагдаж буй  дарамт нь  хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хууль зүйн туслалцаа,  нийгмийн үйлчилгээ үзүүлэгчдэд хүнд тусаж байна.  Тиймээс жендэрт суурилсан хүчирхийлэл болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн өсөн нэмэгдэж буй асуудлыг яаралтай шийдвэрлэхийн тулд Монгол Улсын хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь нэн чухал юм.

Европын Холбооны санхүүжилттэй энэхүү төслийг Монгол Улсын Засгийн газар болон иргэний нийгмийн байгууллагуудтай нягт уялдаатай хамтран хэрэгжүүлэх бөгөөд  эрсдэлтэй хүүхдэд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр олон иргэний нийгмийн байгууллагуудыг магадлан итгэмжлэгдэхэд дэмжлэг үзүүлэх, хүүхдийн эрхийн хууль зүйн хороодын чадавхийг бэхжүүлэх болон хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тогтолцооны талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой үйл ажиллагаануудыг хэрэгжүүлнэ.

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ) нь тогтвортой хөгжил болон хууль дээдлэх ёсыг бий болгохын төлөө дагнан ажилладаг засгийн газар хоорондын олон улсын байгууллага бөгөөд дэлхийн янз бүрийн эрх зүйн тогтолцоотой 90 гаруй оронд ажилласан туршлагатай. ОУХЭЗБ нь  1988 онд байгуулагдсан ба 2001 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажиглагчийн статустай болсон. Одоогоор ОУХЭЗБ нь олон оронд ялгаварлан гадуурхах шинжтэй хууль, тогтоомжтой тэмцэх, жендэрт суурилсан эрх зүйн орчин, институцийг хөгжүүлэх, тогтвортой хөгжил болон эдийн засгийн боломжуудаар дамжуулан эмэгтэйчүүдэд үзүүлэх хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлж, тэднийг эрх мэдэлжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

ОУХЭЗБ-ын Монгол Улс дахь үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцана уу.  https://www.idlo.int/where-we-work/asia/mongolia

 

 

 

Languages:
Хянан засах хэсгүүд: