Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар

Европын холбоо Монголд 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно

29/05/2020 - 09:36
News stories

Улаанбаатар, 2020.05.29: Европын Холбоо 50.8 сая евро буюу 155.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгож төсөв, санхүүгийн ил тод байдлыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжиж байна.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Траяан Христеа хэлэхдээ “Монголын ард түмэн Европын Холбооны дэмжлэгт бүрэн найдаж болно. Европын Холбооны буцалтгүй тусламж буюу төсвийн дэмжлэг нь хоёр чиглэлд байна. Юуны өмнө ажлын байр нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэх бөгөөд КОВИД-19-ийн үзүүлж буй эдийн засаг, нийгмийн үр нөлөөг багасгахад чухал түлхэц болно хэмээн найдаж байна. Түүнчлэн, иргэдийн төрд итгэх итгэл нь татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулж байгаа эсэхтэй шууд холбоотой тул төсвийн мөнгийг илүү үр өгөөжтэй, ил тод байлгахад дэмжлэг үзүүлэх болно."

Европын Холбоо анх удаа Монгол Улсын төсөвт дэмжлэг үзүүлж 50,8 сая евро буюу 155.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгох Санхүүжилтийн хэлэлцээрт Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Христеа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрийн хүрээнд 2020-2024 онд орлогын хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих, төсөв санхүүгийн удирдлагыг сайжруулах болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд зориулан 43 сая еврог төсвийн дэмжлэг хэлбэрээр олгох бол 7,8 сая еврог дээрх бодлогын арга хэмжээг дэмжих техникийн туслалцааны төслийг Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын ХХААБ, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага хамтран хэрэгжүүлэхэд зарцуулах юм.

Энэхүү буцалтгүй тусламжаар Монголын төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримталж буй бодлого, төсөв, санхүүгийн удирдлага, татварын шинэчлэл зэрэгт дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.

Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19-ийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжих зорилгоор эхний ээлжийн санхүүжилт болох 16.0 сая евро буюу 49 тэрбум төгрөгийг ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байна.

Уг хэлэлцээр нь 2014-2020 оны Хамтын ажиллагааны урт хугацааны хөтөлбөр (MIP) -ийн хүрээнд хоёр салбарт хэрэгжүүлсэн, хэрэгжиж буй Европын Холбооны санхүүжилттэй төсөл хөтөлбөрийн үр дүнд суурилж, төсөв санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх боломжийг сайжруулахад чиглэнэ.

Хэрэгжилтэд Европын Холбооны зүгээс Монгол Улсын Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хяналт тавин ажиллана.

Languages:
Хянан засах хэсгүүд: