Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар

Монгол Улсын төсвийн нээлттэй байдал - Ил тод, хариуцлагатай ирээдүйн үндэс

26/05/2020 - 15:29
News stories

Мэдээллийг нээлттэй болгох нь иргэн, төр хоорондын харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Засгийн газар нь төрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй байлгах, ялангуяа улсын төсвийн орлого, зарлага, өр зээл зэрэг төрийн санхүүтэй холбоотой мэдээллийг ил тод болгох нь төрийн үйлчигээг иргэдэд хүргэх, төрийн үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай болгох, мөн эдийн засгийн өсөлтийг дэмжихэд үлэмж нөлөө үзүүлэх боломжтой.

Төрийн санхүүг нээлттэй байлгах зарчим нь Монгол Улсын хууль тогтоомжид тусгагдсан байдаг бөгөөд тэр дундаа төсөв, аудит болон хууль боловсруулах үйл явц дахь ил тод байдал, иргэдийн оролцооны талаар тодорхой зүйл заалтууд орсон байдаг. Сангийн яамнаас манлайлан дэс дараатай арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлэн, төсөв, санхүүгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайд нь, иргэдэд ойлгомжтой хэлбэрээр, хэд хэдэн сувгаар хүргэдэг боллоо. Ингэснээр ил тод байдлыг эгэл жирийн иргэдийн амьдралд ойртуулах чиглэлээр үр дүн гарч байна. 

Хоёр жил тутамд гардаг “Нээлттэй төсвийн судалгааны” 2019 оны тайлан нь дээрх хүчин чармайлтууд тодорхой үр дүнд хүрснийг нотолж байна. Дэлхийд цорын ганц, хараат бус хэмээн тооцогддог уг судалгаа нь улс орнуудын төв засгийн газрын төсвийн хариуцлагын түвшинг Ил тод байдал, Төсвийн үйл явц дах иргэдийн оролцоо, Төсвийн хяналт гэсэн үндсэн гурван үзүүлэлтээр үнэлж, эрэмбэлдэг юм. Тус судалгааны дата мэдээлэлд үндэслэн гардаг Төсвийн нээлттэй байдлын индексээр Монгол Улс нийт авах ёстой 100 онооноос 2017 онд 46-г авсан бол 2019 онд тус оноо 56 оноо болж өссөн нь хоёр жилийн хугацаанд даруй 20 гаруй хувиар ахисан амжилт боллоо. Судалгаанд хамрагдсан орнууд дунд Төсвийн нээлттэй байдлын индексээ үнэлгээний нэг үе дотор ийнхүү дорвитой ахиулсан туршлага ховор байдаг.

“Төсвийн ил тод байдлыг сайжруулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь төр, иргэдийн хооронд бат бөх түншлэлийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг” гэж Монгол Улсын Сангийн сайд Ч. Хүрэлбаатар онцлон тэмдэглэв. Тэрээр “Иймээс иргэд төсвийн мэдээллийг нээлттэй, ойлгомжтой байдлаар тогтмол хүлээн авах боломжийг бий болгохоор Монгол Улсын Засгийн газар тууштай ажиллаж байна. Олон улсын хэмжээний энэхүү судалгаанд Монгол Улс тодорхой ахиц гаргасанд Сангийн яам баяртай байгаагийн зэрэгцээ цаашид энэ чиглэлд улам ахиц гаргахад анхаарал хандуулан ажилласаар байх болно” гэв.

Монгол Улс уг судалгаагаар ийнхүү оноогоо ахиулахад  нөлөөлсөн гол хүчин зүйл бол Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан, Төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг төсвийн мэдээллийг цаг тухайд нь цахимаар нийтэлдэг болсон явдал юм. Батлагдсан төсөв болон “Иргэдийн төсөв” товхимлыг бэлтгэн гаргаж, цахимаар нийтэлдэг болсон нь ч Төсвийн нээлттэй байдлын индексийг ахиулахад чухал хувь нэмэр оруулсан. УИХ-д төсвийн төслийг өргөн барих үед ийнхүү ирэх оны төсвийн мэдээллийг иргэдэд ойлгомжтой байдлаар 2018 оноос хойш бэлтгэн гаргаж байна.

Ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх аян

Дэлхийн улс орнууд COVID-19 цар тахлын сөрөг үр нөлөөнд өртөн, улмаар Засгийн газрууд онцгой байдлын хариу арга хэмжээ авч, эдийн засгийг сэргээх хөтөлбөрүүд хэрэгжүүлж буй өнөө үед төсвийн ил тод байдал улам бүр чухал ач холбогдолтой болж байна. Иргэд болон татвар төлөгчид онцгой байдлын үед төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд болон тэдгээртэй холбоотой хөрөнгө нөөцийг хэрхэн босгож, хуваарилж байгаа, мөн цар тахлын үр нөлөөг бууруулахын тулд хатуу мэт санагдаж болох ч зайлшгүй шаардлагатай бодлогын зарим арга хэмжээг яагаад авч хэрэгжүүлэх болсон зэргийг сайтар ойлгох хэрэгтэй юм.

Төсвийн хөрөнгө хэрхэн бүрэлддэг, хэрхэн зарцуулагддаг талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах чиглэлд  Сангийн яам, Европын холбоо болон Дэлхийн Банктай хамтран Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Уг төсөл нь Төсвийн ил тод байдлын олон улсын санаачилга (Global Initiative for Fiscal Transparency) байгууллагатай хамтран төсвийн ил тод байдлын талаар олон улсад баримталдаг зарчим, стандартуудыг Монгол Улсад нэвтрүүлж, хэвшүүлэхээр ажиллаж байна. Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл нь “Иргэдийн төсөв” товхимлыг бэлтгэн гаргах, Шилэн дансны порталыг шинэчлэх, BOOST платформыг хөгжүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудад зориулан сургалт зохин байгуулах замаар Монгол Улсад төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, төсвийн үйл явц дахь иргэдийг оролцоог хангах үйл хэрэгт хувь нэмэр оруулж байна.

“Төсвийн мэдээллийг иргэдэд хүртээмжтэй байлгах, төсөв боловсруулах үйл явцыг ил тод, тодорхой болгох явдал нь иргэдэд эрх мэдэл олгож, амьдралаа сайжруулах зориг тэмүүлэл өгдөг. Төсвийн ил тод байдал нь улс орны нийгэм, эдийн засгийн болон хүний хөгжлийн үзүүлэлтүүдийг сайжруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, авилгыг бууруулдаг” гэж Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Христеа хэлэв. “Дэлхийн Банк, Сангийн яамны түншлэлд тулгуурласан Европын Холбооны дэмжлэг нь Монгол Улсад төсвийн үйл явцыг тодорхой, тунгалаг, хариуцлагатай болгох замаар засаглалыг сайжруулах, авилгатай тэмцэх шинэтгэлийн үйл хэрэгт хувь нэмэр оруулж байгаа юм” гэв.

“Төсвийн талаарх мэдээлэл олон нийтэд хүртээмжтэй байх нь төрөөс авч хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, арга хэмжээ бүр, ялангуяа цар тахалын энэ хүнд үед, иргэдэд үр өгөөжтэй байгаа эсэхэд хяналт тавих болон Засгийн газрын гүйцэтгэлд үнэлгээ өгөхөд чухал ач холбогдолтой” гэж Дэлхийн Банкны Монгол Улс дах Суурин төлөөлөгч Андрей Михнев хэлэв. Тэрээр “Дэлхийн Банк нь Европын Холбоо, МУ-ын Засгийн газартай хамтран иргэдэд хэрэгцээтэй үйлчилгээг хүргэх, амьжиргааг дээшлүүлэхийн тулд төсвийн ил тод байдлыг сайжруулах, төсвийн үйл явц дах иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаадаа баяртай байна” гэв.

Илүү тунгалаг ирээдүйн төлөө

Өдийг хүртэл чамлалтгүй амжилтанд хүрсэн хэдий ч, төсвийн ил тод байдлыг зорилтот түвшинд хүргэх ажлыг Монгол Улс тууштай үргэлжүлүүлэх шаардлагатай. Төсвийн нээлттэй байдлын индексээр МУ-ын оноо 56 байгаа нь төсвийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтийн хүртээл болгодог өндөр хөгжилтэй улс орнуудын түвшнөөс (61 ба түүнээс дээш) тавхан оноогоор дутуу юм. Энэ түвшинг хүрэхийн тулд Монгол Улс дараах асуудлуудад нэн даруй анхааран ажиллах шаардлагатай байна. Үүнд:

  • Төсвийн талаарх үндсэн найман баримт бичгийг цаг тухайд нь, иргэдийн сонирхож буй асуудлуудыг тусган, ойлгомжтой байдлаар олон нийтэд хүргэж байх. Цахимаар байршуулсан төсвийн мэдээлэл нь энгийн үг хэллэгтэй бөгөөд шинжилгээ хийх, ашиглахад хялбар байвал зохино.
  • Бүх иргэдэд төсвийг нээлттэй болгох амлалтыг биелүүлж, ахицаа хурдасгахад  дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Үүнд:
  • Олон улсын Төсвийн Түншлэл (International Budget Partnership) байгууллагаас гаргасан Уриалга-д нэгдэн холбогдох бүх оролцогч талуудтай хамтрах; мөн
  • Төсвийн үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд Төсвийн ил тод байдлын олон улсын санаачилга сүлжээнд нэгдэн, тус байгууллагаас гаргасан Төсвийн бодлого боловсруулахад олон нийтийн оролцоог хангах зарчмуудыг нэвтрүүлэх.
  • Шилэн данс, Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем, Иргэдийн төсөв зэрэг одоо хэрэгжиж буй санаачилгуудын амжилтанд дөрөөлөн, төсвийн хөрөнгийн ашиглалтад тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд иргэдийн саналыг авах, иргэн-төр хоорондын харилцааны тогтсон хэрэгсэл, орон зайг бий болгох.   

“Манай сүлжээний түншийн хувьд Монгол Улс төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог хангах ажлыг төрийн үйл ажиллагааныхаа нэгэн хэсэг болгож байгаад бид туйлын баяртай байна. Нөгөө талаас байгууллагууд болон иргэд нээлттэй төсвийг шаардан, шинэтгэлийг дэмждэг байхын тулд тэдгээрийн чадавхийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж, амжилтаа улам ахиулж байгаа нь сайшаалтай” гэж Төсвийн ил тод байдлын олон улсын санаачлага (Global Initiative for Fiscal Transparency) Сүлжээний Захирал, Хуан Пабло Гүэррэро хэллээ.

Бидний ирээдүй нээлттэйн нэгэн адил, улс орноо хөгжүүлэх Засгийн газрын алсын хараа ч мөн нээлттэй байна. Бүх оролцогч талууд хамтран ажиллаж, тууштай идэвх зүтгэл гарган түншлэх нь илүү нээлттэй ирээдүйг бүтээх цорын ганц арга зам юм. Төсвийн нээлттэй байдал, иргэдийн оролцоог үнэлэх дараагийн тайланд Монгол Улсын хүрэхээр чармайж буй зоримог хэдий ч биелэгдэхүйц босгод шаардагдах бүхий л урьдач нөхцөл Монгол Улсад бүрдээд байна.

 

 

Languages:
Хянан засах хэсгүүд: