Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар

Европын Холбоо болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчид Завхан аймагт ажиллалаа

Завхан, 20/05/2020 - 04:56, UNIQUE ID: 200520_1
Joint Statements

Завхан аймаг, 2020 оны 5 дугаар сарын 20: Ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжил ба тогтвортой эдийн засгийн хөгжил зэрэг сэдвүүдээр Европын Холбооноос (ЕХ) Монгол Улсад суугаа Элчин сайд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (ХХААБ) Суурин төлөөлөгч болон Завхан аймгийн Засаг дарга нар санал солилцлоо.

                                   

"Европын Холбоо ХХААБ-тай хамтран Завхан аймагт хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн өртгийн сүлжээг хөгжүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлж байна. Орон нутгийн хөгжилд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нэн чухал юм." хэмээн ЕХ-ноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын тэргүүн бөгөөд Элчин сайд ноён Траян Христеа онцлон тэмдэглэлээ.

НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч ноён Винод Ахужа: "Ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд Европын Холбооны үзүүлж буй буцалтгүй тусламж, дэмжлэг нь орон нутгийн тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна. Хүнсний бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэлд хөрөнгө оруулахын сацуу чанартай, тогтвортой ажлын байр бий болгох нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод байна. Яг энэ чиглэлээр ЕХ-ны санхүүжилтээр төсөл хэрэгжиж байгаа бөгөөд НҮБ-ын ХХААБ хамтран ажиллаж байгаадаа таатай байна" гэв.

Төлөөлөгчид Завхан аймгийн удирдлага, багш сурагчид, иргэний нийгмийн болон ЕХ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн төлөөллүүдтэй уулзалт хийлээ.

Завхан аймгийн Засаг дарга ноён Д.Батсайхантай хийсэн уулзалтын үеэр аймгийн хөгжилд нэн тэргүүн ээлжинд анхаарах зүйлс болон ЕХ-ны санхүүжилт, НҮБ-ын ХХААБ-тай хамтран тус аймагт хэрэгжүүлж буй төслүүдийн талаар санал солилцов. Ажлын байр нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мөн тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь орон нутгийн хөгжилд нэн чухал гэдэгтэй талууд санал нийлэв. Түүнчлэн, орон нутгийн удирдлагууд болон иргэний нийгмийн хамтын ажиллагаа, түншлэл нэмэгдсэн явдал нь эдийн засгийн тогтвортой хөгжил, тэгш өсөлтөд хувь нэмэр оруулж байгааг аймгийн удирдлагын зүгээс онцлов.

Айлчлалын үеэр Элчин сайд болон Суурин төлөөлөгчийн хамт ЕХ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн ашиг шим хүртэгч байгууллагуудаар зочиллоо (Нэмүү өртгийн сүлжээ төсөл нийт 4.45 сая евро буюу 13.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй).  Энэхүү төслийн үр дүнд  мах, сүү, мяндас, арьс шир болон хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүний  нэмүү өртгийн сүлжээнд зохистой хөдөлмөр эрхлэлт, орлого олох боломжийг бүрдүүлэх юм. Монгол Улсын хэд хэдэн аймагт энэхүү төслийг НҮБ-ын ХХААБ болон Үйлдвэр хөгжлийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.

Элчин сайд ЕХ-ны санхүүжилтээр Завхан аймагт хэрэгжиж байгаа бусад төслүүдтэй мөн танилцсан. Тухайлбал, Дэлхийн зөн (World Vision) олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй "Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөнд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төсөл, Хулла Дайнэмикс (Hulla Dynamics) байгууллагын хэрэгжүүлж буй  "Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн Хөдөлмөрийн бодлого (SECIM 1) дэд төсөл болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны (EBRD) хэрэгжүүлж буй Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөр зэрэг багтсан байна.

 

Languages:
Tags:
Хянан засах хэсгүүд: