Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар

ЕХ-ны Төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо нээгдэж, Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор ЕХ-Монголын харилцаа шинэ шатанд гарч байна

Улаанбаатар хот, 27/10/2017 - 11:54, UNIQUE ID: 171027_7
Press releases

Европын Холбооны Төлөөлөгчийн газар (ЕХ-ны хувьд Элчин сайдын яам) Улаанбаатар хотноо нээгдэж, мөн ЕХ-Монгол Улсын хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор ЕХ-Монгол Улсын харилцаа шинэ шатанд гарч байна. Энэ цаг мөчид ЕХ-ноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут тэргүүтэй ЕХ-ны гишүүн орнуудын хорь гаруй элчин сайд, европын ахлах дипломат ажилтнуудаас бүрдсэн төлөөлөгчид Монголын төр засгийн удирдлага, иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзана.    

“Энэ удаагийн айлчлал маань шинэ Засгийн газар байгуулагдсан, бид ЕХ-ны Төлөөлөгчийн газраа нээж байгаа болон Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болж байгаа цаг үетэй давхцаж байна. Харилцаагаа шинэ түвшинд хэрхэн гаргах талаар Монголын шинэ удирдлагуудтай харилцан ярилцана. Улс төрийн хэлэлцээ болон хамтын ажиллагаа маань шат ахих, мөн бидний түншлэл улам бүр бэхжих бүхий л нөхцөл бүрдэж байна. ЕХ, Монгол Улс нийтлэг үнэт зүйлс олонтой, хүний эрхийг дээдлэх, ардчилал, хууль дээдлэх ёс бол бидний харилцааны үндэс суурь билээ” хэмээн Элчин сайд Швайсгут хэллээ.

ЕХ-ны Элчин сайд ЕХ-ны гишүүн орнуудын 20 гаруй элчин сайд, ахмад дипломат ажилтнуудын хамт Улаанбаатар хотноо жил бүр болдог Монголын төр засгийн удирдлагуудтай хийдэг ээлжит уулзалтандаа ирж байна. Уулзалтын зорилго ЕХ, Монголын харилцааны талаар санал солилцох, хамтын ажиллагааны хүрээг хэрхэн бэхжүүлэх, хөхүүлэн дэмжих, өргөжүүлэн тэлэх талаар ярилцахад оршиж байна. Түүнчлэн ЕХ, түүний гишүүн орнууд, Монгол Улс хамтдаа Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэрхэн хэрэгжүүлж эхлэх талаар харилцан ярилцах боломж олгоно. Өнгөрсөн 3-р сард болсон ЕХ, Монгол Улсын хоорондын Хүний эрхийн асуудлаарх анхны яриа хэлэлцээний үеэр яригдсан асуудлаар зарим нэг дэвшил хэдийнээ гарч байна. ЕХ-ны зүгээс худалдааны харилцаагаа бэхжүүлэх боломжуудыг ч мөн судалж байгаа ба ЕХ-ны GSP+ тарифын хөнгөлөлтийг (хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор тэдэнд ЕХ-ны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ татваргүй эсвэл бага татвартайгаар экспортлох боломж олгодог ЕХ-ны бодлого) илүү сайн ашиглах тал дээр Монголын бизнес эрхлэгчдэд хэрхэн туслах Монголын талын санаа оноог ярилцана. ЕХ Монгол улсын удирдлагуудыг эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийхэд нь дэмжих зорилгоор хөгжлийн туслалцаа үзүүлж байна.

2017 оны 11 сарын 1-нээс ЕХ, Монгол Улсын хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр (ТХАХ) хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Уг хэлэлцээр нь нэг талаас ЕХ ба түүний гишүүн орнуудад, нөгөө талаас Монгол улсад хоёр талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ерөнхий хүрээ, эрх зүйн үндсийг бүрдүүлж өгч байна. Хэрэгжилт нь улс төр, эдийн засаг, салбарын хамтын ажиллагааг өргөн хүрээнд бэхжүүлнэ. Энэ нь хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх бидний хандлага тууштай байгаагийн илэрхийлэл юм.
 
ЕХ-ны Элчин сайд Төлөөлөгчийн газрыг байгуулах Гэрээнд мөн гарын үсэг зурах ба ингэснээр Европын Холбоо Улаанбаатар хотноо Төлөөлөгчийн газраа нээх боломжтой болно. Төлөөлөгчийн газар нь ЕХ-ны Монголтой харилцах харилцааг бэхжүүлэх ба монголын ард түмэнд ЕХ тууштай хандаж ирсний илэрхийлэл болж байна.
      
ЕХ-Монголын харилцааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай вэб хуудаснаас үзнэ үү

EU Delegation website

EU to open Delegation to Mongolia - press release

Factsheet on the EU-Mongolia Framework Agreement on Partnership and Cooperation

Хэвлэлийн лавлагааг дараахи хаягаар хандаж авна уу eu_office@magicnet.mn

Languages:
Хянан засах хэсгүүд: