Delegation of the European Union to Mongolia

Хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Европын Холбоо, Монгол улсын шинэ хамтын ажиллагаа

12/04/2016 - 00:00
News

Өнөөдөр Монгол улсын Засгийн газар болон Европын Холбооны хамтарсан “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх төсөл: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн өртөгийн сүлжээг хөгжүүлэх нь” төслийн албан ёсны нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Улаанбаатар хот. 2016 оны 4-р сарын 12-ны өдөр.

Өнөөдөр Монгол улсын Засгийн газар болон Европын Холбооны хамтарсан “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх төсөл: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн өртөгийн сүлжээг хөгжүүлэх нь” төслийн албан ёсны нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Уг төсөл нь нийт 4.15 сая евро (9.48 тэрбум төгрөг)-ны санхүүжилттэй бөгөөд төслийг Нэгдсэн үндэстний байгууллагын агентлагууд болох Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ), Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (АҮХБ) хамтран 2016 – 2019 оны хооронд хэрэгжүүлэх юм. Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам тус төслийн гол хамтрагч тал бөгөөд цаашид Европын Холбооны санхүүжилт бүхий төслүүдийн хүрээнд Монгол улсад техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбар болон тус улсын стандартчилалын тогтолцоог шинэчлэх үйл ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллана.  

Төслийн нээлтийн ёслолын арга хэмжээний үеэр Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Ханс Дийтмар Швайсгут болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүс дэх орлогч суурин төлөөлөгч Вили А. Фуавау нар Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав.

Энэхүү төсөл нь мах, сүү, цагаан идээ, хүнсний ногоо, ноос, арьс ширний зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулж ногоон хөгжлийг дэмжих замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгоход чиглэгдэнэ. Дээрх салбарт тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, шийдвэрлэх нөхцөлийг үнэлэх гол арга хэрэгсэл нь бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн харилцан холбоо, эдийн засгийн анализ судалгааг хамруулсан өртөгийн сүлжээний судалгаа юм. Төслийн хүрээнд хийх өртөгийн сүлжээний судалгаагаар уг сүлжээнд оролцогч талууд, тэдний хоорондын харилцан хамаарал, технологийн доголдол, ажлын нөхцөл байдал, хүний нөөцийн чадавхи, холбогдох бодлого, журам, олон улсад өрсөлдөх чадвар болон бусад холбогдох асуудлуудад үнэлгээ хийх юм. Тухайн бараа бүтээгдэхүүн нь үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх болон явцын дунд хадгалах, тээвэрлэх, боловсруулах, савлах, баглах, боох ба бусад холбогдох үе шатуудыг дамжих бөгөөд эдгээрт төрөл бүрийн оролцогч талууд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Энэхүү төслийн үйл ажиллагааны гол чиглэл нь нийтийн оролцоо бүхий эдийн засаг, нийгэм, экологийн хувьд таатай өртөгийн сүлжээний загварыг хөгжүүлж зохистой хөдөлмөр эрхлэлтийг баталгаажуулан сайн чанартай бүтээгдэхүүнийг өргөнөөр үйлдвэрлэхийг дэмжихэд  оршино. Төслийн хүрээнд хот, аймаг, сум, малчин, газар тариалан эрхлэгч өрхийн түвшинд эмэгтэйчүүд, залуучуудыг хамруулан 3,000 гаруй ажлын байрыг шинээр үүсгэх зорилт тавьж байна.

Хөдөө аж ахуй болон хүнсний салбар бол Монгол улсын эдийн засаг төдийгүй нийгмийн бүтэц, экологит асар их ач холбогдолтой. Хөдөө аж ахуйн салбар нь нийт ажиллах хүчний 35 хувийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд нэн ялангуяа хөдөө орон нутагт хөдөлмөр эрхлэлтийн 70 гаруй хувь нь тус салбарт хамаарагдаж байна.  Мал аж ахуйн дэд салбар нь экспортын орлогын 10 орчим хувь болон хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 80 орчим хувийг эзэлж байна. Хөдөө аж ахуй болон хүнсний салбар нь нийтийг хамарсан хөдөлмөр эрхлэлтийн өсөлтийг хангах хамгийн таатай боломжийг бүрдүүлж өгдөг юм. Хөдөө аж ахуй нь 2022 он хүртэл шинээр үүсгэх ажлын байрны хамгийн их хувийг бүрдүүлэх төлөвтэй байна (Хөдөлмөрийн яам, 2014). Агро аж үйлдвэрийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээний дагуу ‘зохистой хөдөлмөр’ эрхлэх боломж нөхцөл бүхий ур чадвартай ‘хөдөлмөр эрхлэх чадавхитай’ ажиллах хүчний хэрэгцээ шаардлага бий болж байгаа нь тодорхой болжээ. Шинээр үүсгэх ногоон хөдөлмөр эрхлэлтээр тухайн чиглэлийн оролцогч талуудад орлогын олон янз эх үүсвэрийг бүрдүүлэхийн зэрэгцээ өртөг – үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүний байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах найдвар тавьж байна (үргэлжлэл бий).

Төслийн гол оролцогч талууд нь чиглэл хариуцсан яамд - Аж үйлдвэрийн яам, Хөдөлмөрийн яам, засгийн газрын агентлагууд (тухайлбал: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар), орон нутгийн засаг захиргаа, дэмжлэг үзүүлэх байгууллага, үйлчилгээ, судалгаа, бодлого, эрдэм шинжилгээний байгууллагууд, мэргэжлийн боловсролын төвүүд, бизнес/худалдааны холбоод, тухайлбал худалдаа аж үйлвэрийн танхим, ажил олгогчдын холбоо, хувийн хэвшлийн байгууллага-компаниуд болон дээрх таван төрлийн өртөгийн сүлжээнд хамрагддаг, үйл ажиллагаа эрхэлж буй нийт оролцогч талууд байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Монгол дахь НҮБ-ын ХХААБ-ын Мэдээлэл харилцааны мэргэжилтэн З.Золзаяатай дараах хаягаар холбоо барина уу. Утас: +976-11-310248, э-шуудан: Zolzaya.Zevseg@fao.org эсвэл FAO-MN@FAO.ORG

File: GCP MON 014 EC Launch Press Release

Editorial Sections: