Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар

Монгол Улс ба ЕХ

12/05/2016 - 14:59
EU relations with Country

Европын Холбоо, Монгол Улсын хоорондын улс төр, эдийн засаг, худалдааны харилцааны талаар ерөнхий ойлголтыг энэхүү хуудсаар өгнө. Шинжлэх ухааны хамтын ажиллагааны талаарх мэдээллээр ч мөн хангана.

ЕХ, Монгол Улсын харилцаа 1989 оноос эерэг бөгөөд цогц байдлаар хөгжиж ирсэн. ЕХ нь Монгол Улсыг чухал түнш гэж үздэг ба тус улсад үндэсний болон бүс нутгийн хамтын ажиллагааны үйл ажиллагааг явуулж байна. Монгол Улс 2016 оны 7-р сард Улаанбаатар хотноо АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад ЕХ идэвхтэй дэмжиж ажиллалаа.

АСЕМ-ийн дээд түвшний уулзалтын хүрээнд Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск, Европын Комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер, ЕХ-ны Дээд төлөөлөгч/Дэд ерөнхийлөгч Федерика Могерини нар Монголд айлчилсан ба Ерөнхийлөгч Элбэгдорж, Ерөнхий сайд Эрдэнэбат нартай уулзсан.

2015 оны 6-р сард, Ерөнхийлөгч Элбэгдорж Страсбург хотод зочилж, Монгол орны ардчилалд шилжсэн талаар болон ЕХ-ны түншийн хувьд бүс нутагтаа гүйцэтгэх үүргийн талаар илтгэл тавьсан. Энэ арга хэмжээний хүрээнд Ерөнхийлөгч Элбэгдорж Европын Комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкертэй мөн уулзалт яриа хэлэлцээ хийсэн.

2013 оны 4-р сард болсон ЕХ-ны Дээд төлөөлөгч/Дэд ерөнхийлөгч Катерин Аштоны айлчлалын үеэр Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан. Уг хэлэлцээр нь ЕХ-Монгол Улсын харилцааг өргөжүүлэх эрх зүйн үндэс болж, улс төрийн харилцан яриа, худалдаа, хөгжлийн туслалцаа, хөдөө аж ахуй, орон нутгийн хөгжил, эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, судалгаа шинжилгээ ба инноваци, боловсрол ба соёлын салбарт хамтран ажиллах боломжийг бий болгосон.

ЕХ-Монгол хоорондын худалдааны харилцаа 1993 онд хүчин төгөлдөр болсон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээгээр зохицуулагддаг. Хоёр тал өөр хоорондын экспортод хамгийн тааламжтай түнш улсын статусаар хандаж, худалдаа, эдийн засгийн харилцаагаа нэмэгдүүлэхээр тохиролцсон.

ЕХ нь Монгол улсын худалдааны гол түншүүдийн нэг. 2015 онд ЕХ, Монгол Улсын хоорондох худалдааны нийт үнийн дүн 403 сая еврод хүрч, Монголоос ЕХ-д гаргасан экспорт 84 сая евро, ЕХ-ноос Монголд нийлүүлсэн экспорт 319 сая евро болсон байна. Монгол Улсаас ЕХ-нд гаргадаг экспортын гол бүтээгдэхүүн нь түүхий эд материал, нэхмэл бүтээгдэхүүн (ялангуяа ямааны ноолууран) байдаг бол ЕХ-ноос Монголд нийлүүлдэг экспортын гол бүтээгдэхүүнд машин механизм, химийн бодис, хүнсний бүтээгдэхүүн орж байна. 2015 онд ЕХ нь Монгол Улсын нийт гадаад худалдааны 9%-ийг эзэлж, худалдааны гуравдахь том түнш болсон. Монгол Улс ЕХ-ны худалдааны түншийн жагсаалтын 137-д бичигдэж байна.

ЕХ нь бизнесийг дэмжих орчин, бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад чиглэсэн бодлого бий болгох гэсэн Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжин ажиллаж байна. Дэмжлэг туслалцаа нь Монголын бараа бүтээгдэхүүний нэмүү өртөгийг нэмэгдүүлэх, илүү өрсөлдөхүйц болоход туслах учиртай

Монголын бараа бүтээгдэхүүн ЕХ-ны зах зээлд гаалийн татваргүй нэвтэрч байна

2015 онд Монголын бараа бүтээгдэхүүний 20% нь Хөнгөлөлтийн ерөнхий систем буюу тогтвортой хөгжил, сайн засаглалыг дэмжих тусгай зохицуулалтын (GSP+) дагуу ЕХ-ны зах зээлд гаалийн татваргүй нэвтэрсэн байна. Уг системээр дамжуулж бараа бүтээгдэхүүн зах зээлд илүү хурдан нэвтэрч, Монголын эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

GSP+ статусыг хүний болон хөдөлмөрийн эрх, байгаль орчин, сайн засаглалтай холбоотой олон улсын гол гол гэрээ, конвенцийг соёрхон баталж, хэрэгжүүлж буй улс орнуудад олгодог. Монгол Улс GSP+ системд 2006 оноос хамрагдсан.

Монгол Улсын экспортын салбар болон бусад бүх оролцогч талуудыг дэмжих зорилгоор ЕХ-ноос GSP+ системийн хүрээнд мэдлэг дээшлүүлэх, чадавхийг бэхжүүлэх хэд хэдэн төслийг санхүүжүүлсэн.

GSP+ системд хамрагдсан орнуудад ЕХ-ны санхүүжилтээр ОУХБ-аас хэрэгжүүлж буй хөдөлмөрийн эрхийн чиглэлийн төсөл

Европын Комиссоос Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ)-д 2 жилийн туршилтын төсөл хэрэгжүүлэхэд нь зориулан тэтгэлэгт санхүүжилтийг олгоод байна. Төрийн байгууллагуудын ОУХБ-ын гэрээний дагуу хүлээсэн үүргээ (тайлагнах үүргийн хамт) хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдсэн энэхүү төслийн хүрээнд ОУХБ-ын техникийн туслалцаа, сургалт семинар, мэдлэг дээшлүүлэх үйл ажиллагаа явагдана. 2015 оны 10-р сарын 1-нд нээлтээ хийсэн уг төсөлд Монгол Улс мөн хамрагдаж байна.

ЕХ-ны худалдааны холбоотой асуудлын талаарх мэдээллийг дараахи холбоосоор орж үзнэ үү:
http://ec.europa.eu/trade/issues/global/index_en.htm

ЕХ Монгол Улс хоорондын худалдааны статистик мэдээллийг дараахи холбоосоор орж үзнэ үү:
http://ec.europa.eu/trade/policy/countries-and-regions/statistics/

GSP+-тай холбоотой асуудлын талаарх мэдээллийг дараахи холбоосоор орж үзнэ үү:
http://ec.europa.eu/trade/policy/countries-and-regions/development/generalised-scheme-of-preferences/index_en.htm

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын төслийн талаарх мэдээллийг дараахи холбоосоор орж үзнэ үү: http://www.ilo.org/global/standards/lang--en/index.htm

Үүнээс гадна, Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) тус улсад үйл ажиллагаа явуулдаг. ЕСБХБ-ны төлөөлөгчийн газар 2006 онд Улаанбаатар хотноо нээгдсэнээр Европ, Монголын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг улам нэмэгдүүлсэн.

Илүү тодорхой мэдээллийг дараах хаягаар орж үзнэ үү: Монгол Улс ба ЕСБХБ
http://www.ebrd.com/mongolia.html

Хөгжлийн туслалцаа нь ЕХ-Монгол Улсын хоорондох харилцааны чухал тулгуур бөгөөд тогтвортой хөгжлийг бэхжүүлэн, Мянганы хөгжлийн зорилгыг хангаж ядуурлыг бууруулах туйлын зорилготойгоор Монгол Улсын Засгийн газар, Монголын иргэний нийгмийн байгууллагуудад дэмжлэг үзүүлдэг.

Европын Холбоо ба Монгол Улсын хоорондын хөгжлийн хамтын ажиллагааг багтаасан хоёр талын харилцаа нь ЕК-Монгол Улсын Хамтын ажиллагааны 1996 оны хэлэлцээрээр үндэс сууриа тавьсан. Тэр цагаас хойш хөгжлийн хамтын ажиллагаа байнга нэмэгдсээр ирсэн:

  • 2002 – 2006 ТАСИС-ын Монгол Улсад зориулсан Үндэсний баримжаат хөтөлбөр –15 сая евро
  • 2007 – 2013 DCI Үндэсний стратегийн баримт бичиг – 29 сая евро
  • 2014 – 2020 Олон талт баримжаат хөтөлбөр – 65 сая евро

Судалгаа, инновацийн хамтын ажиллагаа бол ЕХ-Монголын хамтын ажиллагааны салшгүй нэг хэсэг. Монгол, Европын эрдэмтэд урьд өмнө нь хэрэгжиж байсан Европын Ерөнхий хөтөлбөрөөр дамжуулан нийтлэг сонирхол, харилцан ашигтай олон асуудлаар хэдийнээ хамтран ажиллаад эхэлсэн. Монголын байгууллага, хувь хүмүүс ЕХ-ны дээд боловсрол, судалгааны нэлээд хэдэн хөтөлбөрт хамрагдсаар ирсэн, цаашид ч оролцох бүрэн боломжтой.

Европ нь Монголын маш сайн түнш болох нь

Европ бол шинжлэх ухаан, технологи, инновацийн гол түнш. Европын Холбоо (ЕХ) нь судалгаа, инноваци, шинжлэх ухааны чиглэлээр дэлхийн тэргүүлэх бүс нутгийн нэг. Дэлхийн шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлийн гуравны нэг орчмыг эзэлдэг ЕХ өнөөдөр дэлхийн мэдлэгийн гол төв болоод байна. Үүний зэрэгцээ Европын Холбоо нь дэлхийн хүн амын ердөө 7%-ийг төлөөлдөг хэдий ч дэлхийн судалгааны зардлын 24%, өндөр ач холбогдолтой хэвлэл, нийтлэлийн 32%, мөн патентын өргөдлийн 32%-ийг хариуцаж байна.

HORIZON 2020: ЕХ-ны Судалгаа шинжилгээ, инновацийн хөтөлбөр

Horizon 2020 нь 2014-2020 оны хооронд хэрэгжих бөгөөд нийт 80 тэрбум орчим еврогийн төсөвтэй. Олон улсын хамтын ажиллагаанд бүрэн нээлттэй Horizon 2020 нь ЕХ-ны түүхэн дэх судалгаа, инновацийн хамгийн том хөтөлбөр. Энэхүү хөтөлбөр нь шилдэг санаануудыг лабораториос зах зээлд нэвтрүүлж, дэлхийд анхдагч нээлт, ололтуудыг бий болгоно. Horizon 2020 нь Гоц шинжлэх ухаан, Үйлдвэрлэлийн манлайлал, Нийгмийн сорилтууд гэсэн гурван тулгуурт суурилдаг ба хамтарсан судалгаа, бие даасан судлаачийн шилжин ажиллах болон сургалтанд хамрагдах, судалгааны дэд бүтэц гэх мэт олон үйл ажилллагаанд санхүүжилт санал болгодог.

Монголын оролцогсод өргөдлөө хэрхэн гаргах вэ?

Horizon 2020 Монголын оролцогсдын хувьд бүхий л салбарт бүрэн нээлттэй. Энэхүү хөтөлбөрт их дээд сургууль, судалгааны институт, компани болон өөр бусад институт оролцох бүрэн боломжтой.

  • Horizon 2020 хөтөлбөрийн хүрээнд зарлагдах төслийн бүх уралдаанд Монголоос оролцохыг уриалж байна. 
  • Монголын шилдэг багууд, бие даасан судлаачид Европын судалгаа, инновацийн шилдгүүдтэй холбогдож чадна. 
  • Монгол улс Европын мэдлэг, мэдээлэл, дэд бүтэц, дэлхийн тэргүүлэх шинжлэх ухааны сүлжээнд нэвтрэх боломжтой болно.

Монголын судлаачид, аж ахуйн нэгж, байгууллагуудад Европын судалгаа, инновацийн хамгийн сайн боломжуудыг ашиглахын тулд  Европын түншүүдтэйгээ баг болж ажиллахыг уриалж байна. Монголын судалгаа, инновацид оролцогсдыг судалгааны хамтарсан төслүүдэд түнш болох, аль эсвэл Европын Судалгааны Зөвлөл болон Марие Склодовска-Куригийн тэтгэлэг, шилжин суралцах, ажиллах хөтөлбөрүүдэд хандана уу хэмээн урьж байна.

Horizon 2020 хөтөлбөрийн олон улсын хамтын ажиллагааны шинэ стратеги нь үндсэндээ нийтлэг ашиг сонирхол, харилцан үр өгөөжтэй салбар, чиглэлийн судалгаанд голлон төвлөрч байна.

Өргөдлөө хэрхэн гаргах вэ?

2016/2017 оны Ажлын хөтөлбөр эхний болон HORIZON 2020 хөтөлбөрийн 173 төслийн уралдаан удахгүй нийтлэгдэхээр хүлээгдэж байгаа, аль эсвэл хэдийнээ зарлагдаад эхэлсэн. Монголоос оролцох судлаачид, шинийг санаачлагчид ЕХ-ны түнштэйгээ хамтран судалгааны ямар ч төсөлд оролцох, Horizon 2020 хөтөлбөрөөс санхүүжилт авах боломжтой.

  • Өөрийн үйл ажиллагаанд нийцсэн төслийн уралдааны зарыг олох
  • Төслийн түнш олох - CORDIS, аль эсвэл Монгол дахь Үндэсний холбоо барих төлөөлөгчөөр дамжин (Монголын Шинжлэх Ухааны Академи)
  • Оролцогчдын портал дээр бүртгэлээ үүсгэж, байгууллагаа бүртгүүлнэ
  • Түншүүдтэйгээ хамтран төслийн саналаа боловсруулах
  • Төслийн саналаа Европын Комисст илгээх
  • Бие даасан шинжээчдийн үнэлгээ
  • Тэтгэлгийн гэрээнд гарын үсэг зурах

Үндэсний холбоо барих төлөөлөгч

Horizon 2020-ний Үндэсний холбоо барих төлөөлөгчийг Монгол улсын Шинжлэх Ухааны Академид 2014 оны 3-р сард байгуулсан. Үндэсний холбоо барих төлөөлөгч гэдэг нь өргөдөл гаргагчдад нутагт нь, өргөдөл гаргагчийн хэлээр зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндэсний бүтэц юм. Энэ нь Монголоос өргөдөл гаргагчдын өргөдөл амжилттай болж, хамтарсан төслийн тоог нэмэгдүүлэхэд туслах учиртай.

Horizon 2020 - мэдээллийн семинар Улаанбаатар хотноо

2013 онд болсон анхны семинарын амжилт дээр үндэслэн ЕХ Монгол Улсын хоёр талын ойр дотно харилцааг дэмжих зорилгоор Horizon 2020 хамтарсан мэдээллийн семинарыг 2015 оны 5-р сард зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээ нь ЕХ-ны түвшний хөтөлбөрүүд болон ЕХ-ны гишүүн орнуудын хоёр талын хөтөлбөрөөр дамжуулан Европтой судалгаа, инновацийн чиглэлээр хамтран ажиллах бололцоо байна гэдгийг бүрэн харуулж өгсөн.

Languages:
Хянан засах хэсгүүд: