Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын тухай

12/05/2016 - 14:59
About us - structure and organisation

Европын Холбооны Монгол дахь Төлөөлөгчийн газар - тэд юу хийдэг, тэдний зорилго, ажилтнууд

1991 оноос Европын Холбооны Төлөөлөгчийн газар Монгол Улсыг Бээжингээс хавсран сууж байсан бөгөөд 2017 оны 11 сард Улаанбаатар хотод албан ёсоор Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байна. Төлөөлөгчийн газар буюу Элчин Сайдын Яам нь дипломат халдашгүй бүрэн эрхтэй ба Төлөөлөгчийн Газрын тэргүүн нь Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын статустай юм.

Төлөөлөгчийн газар нь Монгол Улс, Европын Холбооны хоорондын албан ёсны харилцааны асуудлыг хариуцдаг бөгөөд ЕХ-той холбоотой аливаа асуудлаар ЕХ-ны гишүүн орнуудын ЭСЯ-тай нягт хамтран ажилладаг төдийгүй хоёр талын эрх бүхий байгууллага, институц хоорондын харилцаа, холбооны гол хэрэгсэл юм. ЕХ-ны Төлөөлөгчийн газар гадаад худалдааны сурталчилгаа, консулын асуудал эрхэлдэггүй бөгөөд уламжлал ёсоор ЕХ-ны гишүүн орнуудын ЭСЯ-д хариуцдаг байна.

Төлөөлөгчийн Газар нь улс төр, эдийн засаг, хөгжлийн асуудлаар Европын Холбоог цаг алдалгүй мэдээллээр хангаж Монгол Улстай хөгжүүлж буй хоёр талт хамтын ажиллагаагаанд ихээхэн түлхэц болж байна.

Монгол Улс Европын Холбоо хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа 1989 оноос хойш иж бүрэн хөгжиж байна. Европын Холбооны зүгээс Монгол Улсыг чухал түнш орон гэж үздэг бөгөөд хоёр талт болон бүс нутгийн хамтын ажиллагааг өрнүүлэн явуулж байна . Талуудын улс төрийн харилцаа нь хоёр талын өндөр дээд төвшний айлчлал, Монгол Улс Европын Холбооны хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр,  Засгийн газар хоорондын комисс буюу Хамтын ажиллагааны хамтарсан хорооны хуралдаан, АСЕМ зэрэг хэлбэрээр явагдаж байна.

2013 онд гарын үсэг зурж улмаар 2017 онд хүчин төгөлдөр болсон Монгол Улс, Европын Холбооны хоёр талын харилцааны тулгуур баримт бичиг болох Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр нь түншлэлийн цар хүрээг өргөжүүлж, хамтын ажиллагааг улс төр, худалдаа, хамтын ажиллагаа, боловсрол зэрэг олон салбарт эрчимжүүлэн хөгжүүлэх эрх зүйн үндэс болж байна.

Европын Холбооноос олгож буй хөгжлийн хамтын ажиллагааны санхүүжилтийн хэмжээ 2014 - 2020 онуудад 2 дахин нэмэгдэж 65 сая еврод хүрэв.
Монгол Улс 2005 оноос хойш ЕХ-ны Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-нд хамрагдан Европын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ хөнгөлөлттэй нөхцөлөөр гаргаж байна. Талууд хамтын ажиллагаагаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тогтвортой, ил тод засаглалыг дэмжих, уул уурхайн бус салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, нэмүү өртгийн сүлжээг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зэрэг чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.
 
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар буюу Элчин Сайдын Яамыг нээсэн нь Европын Холбоо зүгээс Монгол Улсын ардчилал, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шилжилтийн явцыг тууштай дэмжиж байгааг дахин  нотолж байна.

Энэхүү вэб хуудас нь Монгол Улс Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар ойлголт өгч, бидний харилцааны өргөн агуулга бүхий асуудлуудаар мэдээлэл сайтай яриа хэлэлцээ өрнүүлэх үндэс суурь болно хэмээн найдаж байна.
 
Траян Лауренцю Христеа

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд
Languages:
Хянан засах хэсгүүд: