Европын Холбоо Playtime 2025 Наадмын хүрээнд хүртээмжийг нэмэгдүүлж, ногоон ирээдүйн төлөө хамтран ажиллаж байна

Залуусын соёл, урлаг, бүтээлч сэтгэлгээний хамгийн том илэрхийлэл болсон Playtime наадамд Европын Холбоо албан ёсны түншээр оролцож, тогтвортой хөгжил, хүртээмж, инновацийн уялдаа холбоог бүтээлч хэлбэрээр танилцуулж, энэ жилийн арга хэмжээг улам онцгой болгож байна.

Сэтгэл хөдөлгөм лайв тоглолт, интерактив үзүүлэн болон шинэлэг бусад арга хэмжээнүүдийг багтаасан Европын Холбооны энэхүү оролцоо нь зочдод  цэвэр эрчим хүч, дижитал хүртээмж, нэгдмэл зорилгыг үнэт зүйлсээ болгосон ирээдүйн нэгэн дүр зургийг танилцуулж байна. 

Талбайн цөмд байрлах ЕU Zone хэсэг нь Европын Холбооны дэмжлэгтэйгээр Монгол Улсад амжилттай хэрэгжиж буй төсөл, санаачилгуудтай танилцах боломжийг олгож байна. Тухайлбал, шинэ технологийн дулаалга, сэргээгдэх эрчим хүчний шийдэл бүхий монгол CHIP гэр, эдийн засгийн ногоон шилжилтийн талаарх ойлголт өгөх  SOGE майхан, дижитал ялгааг багасгаж, залуусыг технологиор чадавхжуулахыг зорьсон VR танилцуулга бүхий DICE майхан зэрэг нь тус бүр өөр өөрийн онцлог, үзэл санааг илэрхийлж байна. 

Европ хөгжим сонирхогчид Техно хөгжмийн хил хязгаарыг эвдсэн Albert van Abbe (Нидерланд), жазз, амбиент, синт-поп урсгалыг хослуулсан өвөрмөц өнгө төрхтэй Maria Chiara Argirò (Итали) зэрэг олон улсад нэрд гарсан артистуудын уран бүтээлтэй танилцах боломжтой. 

Тэгш боломж, хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьсон Playtime наадмын санаачилгыг Европын Холбоо дэмжиж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглах боломжой ариун цэврийн байгууламж, тоглолтуудыг тэргэнцэртэй үзэхэд зориулсан тайзны ойролцоох өндөрлөсөн талбайг суурилуулахад хувь нэмрээ оруулж байна. 

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните EU Zone-д зочилж буй залуустай ярилцахдаа “Playtime бол зүгээр нэг наадам биш — энэ бол залуусын бүтээлч байдал, эрч хүч, хүсэл мөрөөдлөө илэрхийлэх талбар юм. Европын Холбоо та бүхэнтэй энэхүү баярт мөчийг хуваалцаж, илүү ногоон, илүү шударга, илүү хүртээмжтэй ирээдүйн төлөө хамтдаа зүтгэж байгаадаа баяртай байна. Ирээдүй бол Таных! — бид энэ замыг тантай хамт туулахад таатай байх болно” хэмээн илэрхийлэв.   

Playtime 2025 наадамд Европын Холбоо ийнхүү өргөн хүрээнд идэвхтэй оролцож байгаа нь  тогтвортой хөгжил, жендэрийн тэгш байдал, ил тод засаглал, залуусын манлайллыг дэмжих гэсэн Европын Холбооны Монгол Улстай явуулж буй хамтын ажиллагааны суурь зарчмуудыг тод томруунаар илэрхийлж байна. Global Gateway стратегийн хүрээнд Европын Холбоо нь Монгол Улсын байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй ирээдүй рүү шилжих үйл явцыг дэмжихэд 180 гаруй сая еврогийн хөрөнгө оруулалт хийгээд байна.

Global Gateway-ын тухай

Global Gateway нь хүн, байгальд ээлтэй тогтвортой, найдвартай харилцаа холбоог эрхэмлэдэг. Энэхүү санаачилга нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг дэлхий нийтийн тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэдэг.

Европын Холбооны тухай 

Европын Холбоо бол Европ тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл юм. Тус Холбоо нь хүний эрхэм чанар, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёс, хүний эрхийг түүний дотор цөөнхийн эрхийг дээдлэх үндсэн үнэт зүйлс дээр тулгуурлан байгуулагджээ. Өнөө цагт Европын Холбоо нь даян дэлхийн хүн бүрд хүртээмжтэй, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна.