Европын Холбоо MEF 2025 Залуучуудын Форумтай хамтран залуусын манлайллыг дэмжиж байна

Европын Холбоо нь “Итгэлцлийг дахин сэргээх нь” уриан дор зохион байгуулагдсан Монголын Эдийн Засгийн Форумын (MEF) гол арга хэмжээнүүдийн нэг болох Залуучуудын Форумтай хамтрах замаар залуусын оролцоог нэмэгдүүлэх, тогтвортой хөгжилд хөтлөх үүрэг амлалтаа дахин бататгалаа. Форумд 2,000 гаруй залуу манлайлагч, олон улсын шинжээчид, төр, иргэний нийгэм болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон юм.

Залуусын хамтын ажиллагаа, үзэл бодлын чөлөөт хэлэлцүүлгийг дэмжих зорилгоор зохион байгуулагдсан тус форум нь үе үеийн болон институци хоорондын итгэлцлийг урт хугацаанд бэхжүүлж, Монгол Улсын хөгжлийн алсын харааг тодорхойлоход залуусын оролцоог идэвхжүүлэхийг зорьсон. Европын Холбооны энэхүү хамтын ажиллагаа нь Global Gateway стратегийн хүрээнд хэрэгжүүлж буй цахим шилжилт, ногоон хөгжил, боловсрол, хүртээмжтэй байдал, сайн засаглал зэрэг тэргүүлэх чиглэлүүдтэй бүрэн нийцэж байна.

Европын Холбоо нь Монголын залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон талт, үр дүнтэй санаачилгуудыг хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал, Монгол Экологи Төвтэй хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус” хөтөлбөр нь 15-20 насны залууст байгаль орчин, тогтвортой хөгжлийн мэдлэг олгож, хувь хүний хөгжил, ур чадварыг нь дэмжих замаар нийгэмд оролцоотой, хариуцлагатай, байгальд ээлтэй иргэн бэлтгэх чиглэлээр ажиллаж байна. 2019 онд эхэлсэн уг хөтөлбөрт 21 аймгийн 4,000 гаруй залуу хамрагдаж, нийт 45,000 хүн тусгайлсан долоон дэд хөтөлбөрийн үр шимийг хүртээд байна.

Түүнчлэн, Европын Холбооны санхүүжилттэй “All 4 YOUth, YOUth 4 All” төсөл нь залуучуудын байгууллага болон иргэний нийгмийн идэвхтнүүдийн чадавхыг сайжруулж, иргэний оролцоо, сайн дурын үйл ажиллагаа, залуусын удирдсан бизнесийн санаачлагыг дэмжин ажилласан. Үүнээс гадна, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлсэн Европын Холбооны Төсвийн дэмжлэгийн техник туслалцааны төслийн хүрээнд зохион байгуулсан “Youth Ideathon” арга хэмжээ нь бүтээлч сэтгэлгээтэй залуучуудад төсвийн ил тод байдал, олон нийтийн хяналтыг дэмжих чиглэлээр дижитал шийдлүүдийг боловсруулах боломж олгосон. Мөн тус төслийн хүрээнд нэвтрүүлсэн залуучуудад зориулсан хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг үнэлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт нь тэдний хөдөлмөрийн зах зээлд амжилттай нэвтрэх, тогтвортой ажлын байртай болох боломжийг бодитоор нэмэгдүүлж байна.

Форумын онцлох хэсгүүдийн нэг нь Монголын залуусын ирээдүйн талаарх хүлээлт, зорилго, санал санаачилгыг дата-д суурилсан хэлбэрээр харуулсан зурагт үзүүлэн байв. Мөн хөдөлмөрийн шилжилт, дижитал ур чадвар, засаглал, ногоон бизнес эрхлэлт зэрэг сэдвээр сургалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдсан. Европын Холбооны дэмжлэгтэйгээр Монголын ирээдүйг тодорхойлох гол ур чадвар, үнэт зүйлс, тэргүүлэх салбаруудын талаарх залуусын санал бодлыг нэгтгэж боловсруулсан бөгөөд тэдгээрийн гол үр дүнг 2025 оны 7 дугаар сарын 9-нд Төрийн ордонд болох Монголын Эдийн Засгийн Чуулганы үндсэн арга хэмжээний үеэр залуусын төлөөлөл танилцуулах юм. 

“Монголын Эдийн Засгийн Форум” ТББ-ын тэргүүн Ч.Ганхуяг MEF Youth 2025 арга хэмжээний үеэр “Дэлхий даяар тодорхойгүй байдал нэмэгдэж, технологийн хурдацтай хөгжил, хиймэл оюун ухаан, мөнгөний ирээдүй зэрэг сорилтууд тулгамдаж буй өнөө үед Маргаашийн эзэд залуучууд та бүхний дуу хоолой Монголын ирээдүйн хөгжилд чиглэсэн шийдвэр гаргалтад нэн чухал үүрэгтэйИрээдүй бол Таны гарт!” хэмээн онцлон тэмдэглэв. 

Global Gateway стратегийн хүрээнд Европын Холбоо нь Монголын залуучуудыг шинэ боломжуудтай холбож, илүү ногоон, илүү тогтвортой ирээдүйг хамтдаа бүтээхэд идэвхтэй оролцуулахын тулд бат бөх, хүртээмжтэй түншлэлийг хөгжүүлэхэд зорьж ажиллаж байна.

Global Gateway-ын тухай

Global Gateway нь хүн, байгальд ээлтэй тогтвортой, найдвартай харилцаа холбоог эрхэмлэдэг. Энэхүү санаачилга нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг дэлхий нийтийн тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэдэг.

Европын Холбооны тухай 

Европын Холбоо бол Европ тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл юм. Тус Холбоо нь хүний эрхэм чанар, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёс, хүний эрхийг түүний дотор цөөнхийн эрхийг дээдлэх үндсэн үнэт зүйлс дээр тулгуурлан байгуулагджээ. Өнөө цагт Европын Холбоо нь даян дэлхийн хүн бүрд хүртээмжтэй, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна.