Европын Холбоо: Төсвийн дэмжлэгийн хугацааг 2024 оныг дуустал сунгалаа

Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никейз нар хоёр талын түншлэлийг бататгаж Европын Холбооны “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэг”-ийг 2024 оныг дуустал сунгах тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэхүү төсвийн дэмжлэгийн хүрээнд нийт 43 сая еврогийн санхүүжилтийг  хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэл, төрийн санхүүгийн ил тод байдлыг хангах чиглэлээр төрөөс баримталж буй бодлогыг дэмжихэд олгож буй юм.

Элчин сайд Аксель Никейз “Европын Холбоо болон Монгол Улсын хамтын ажиллагаа маш сайн түвшинд байдагт баяртай байна. Бид хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэл, ур чадвар нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн сацуу төрийн санхүүгийн ил тод байдлыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Бид цар тахлын улмаас бий болсон нийгэм, эдийн засгийн байдал, олон улсад үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан үзэж шалгуур үзүүлэлтэд өөрчлөлт оруулж, төсвийн дэмжлэг хэрэгжих хугацааг сунгалаа. Энэ бол Европын Холбоо нь Монгол Улс, ард иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн зорьж буйн тод илрэл юм. Бидний үйл ажиллагаа Монгол Улсын бодлоготой нийцэж байгаад баяртай байна.” хэмээн онцолсон юм.

Уулзалтын үеэр Сангийн сайд Б.Жавхлан КОВИД-19 цар тахлын амаргүй цаг үед буцалтгүй тусламжаар уг төслийг хэрэгжүүлж, санхүүжилтийн хэлэлцээрт туссан шалгуур үзүүлэлтийг хөнгөлж, хугацааг 1 жилээр сунгахаар шийдвэрлэсэн Европын Холбоонд талархал илэрхийлэв.

Энэ санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд 2020 оноос хойш буцалтгүй тусламжаар нийт 22.2 сая еврогийн дэмжлэгийг Монгол Улсын Засгийн газарт олгосон байна. Гэрээнд өөрчлөлт оруулснаар шалгуур үзүүлэлтийг хангаж, үлдсэн санхүүжилтийг хүлээн авах боломж бүрдэх бөгөөд 2022 онд нийт 6.6 сая евро олгогдохоор байна.

Төрийн сангийн ил тод удирдлага, хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжих зорилгоор Европын холбооноос НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд (НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр тэргүүлж, Хүнс, Хөдөө Аж Ахуй Байгууллага, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага), салбарын Яамдтай хамтран 7.4 сая еврогийн техникийн туслалцааны төслийг мөн хэрэгжүүлж байна.