Европын Холбооноос зудад нэрвэгдсэн өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Европын Холбооноос өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахад 500,000 евро (1.9 тэрбум төгрөг)-ийн хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэхээр болсон тухай шийдвэрийг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гардууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүмүүнлэгийн тусламж үзүүлж буйд Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

EU Amb MNG

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз уулзалтын үеэр “Европын Холбоо Монгол Улсын гуравдагч хөрш, дотно түншийн хувьд Монголын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байна. Бидний оруулж буй хувь нэмэр малчдад тус дэмээ өгч, цаашид даван туулах чадвартай, тогтвортой мал аж ахуйг бий болгоход дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, байгалийн гамшгийн давтамжийг бууруулахад урт хугацааны шийдэмгий арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байгааг энэ жилийн зуд, бусад гамшгийн давтамжууд харуулж байна. Европын Холбоо, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буй бөгөөд уур амьсгалын өөрчлөлт эсрэг төдийгүй бусад олон талын хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн хамтран ажиллах болно.” хэмээв.

Уулзалтаар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцаж, энэ онд тохиож буй Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг бодит үр дүнтэй тэмдэглэхийг чухалчилж байгааг талууд онцоллоо.

Тухайлбал, “Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэлэлцээрийн хүрээнд бүсчилсэн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Европын хөрөнгө оруулалтын банкнаас 45 сая еврогийн хөнгөлөлттэй зээл, Европын Холбооноос 9,4 сая еврогийн буцалтгүй тусламжийг эхний ээлжид тус тус олгохоор болсныг сайшааж, талархал илэрхийллээ.

Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Европын Холбооны “Дэлхийд гарах гарц”, “Ногоон гэрээ” зэрэг хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжиж буй болон цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар ярилцав.

Европын Холбоо нь хүмүүнлэгийн тусламжаа Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН)-ээр дамжуулан, зудад өртсөн хамгийн хүнд нөхцөлд байгаа 1850 малчин өрхүүдэд мөнгөн болон өвс, малын тэжээлийн багцын тусламж олгох юм.

PM of Mongolia

Бусад эх сурвалж: https://mongolia.gov.mn/news/view/26937