Delegation of the European Union to China

Европын Холбоо Монголтой улс төр, эдийн засгийн холбоогоо бэхжүүлэхээр ажиллаж байна.

Mongolia, 27/03/2017 - 08:45, UNIQUE ID: 170327_8
Press releases

2017 оны 3-р сарын 27-ноос 31-ний өдрүүдэд Европын Холбооны өндөр түвшний албан тушаалтнууд Монголд айлчилна. Улс төр, эдийн засгийн шинэчлэлийг дэмжих, Европын Холбооны хувьд үнэ цэнэтэй түнш Монгол Улстай цаашдын харилцаагаа хөгжүүлэх чиглэлээр уулзалтууд болно. Энэхүү айлчлал нь олон жил тогтмол үргэлжилж буй улс төрийн яриа хэлэлцүүлэг, хамтын ажиллагааны хэсэг юм.

ЕХ, Монголын Хамтарсан хорооны 17-р хуралдаан 3-р сарын 31-нд болно. Хуралдааныг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Цэндийн Мөнх-Оргил, Ази-Номхон далайн асуудал хариуцсан гүйцэтгэх захирал Гуннар Виганд нар даргална.

Хуралдаанаар ЕХ, Монгол Улсын харилцааны өнөөгийн хөгжил, бүс нутгийн болон олон улсын асуудлаархи хамтын ажиллагаа, худалдааны урсгалын өөрчлөлт, түүнчлэн хөгжлийн тусламжийн хэрэгжилтийг дүгнэнэ. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжил, төрөлжилтөд түлхэц болох арга хэмжээний талаар ч мөн ярилцана.

Хамтарсан Хорооны хуралдааны өмнө буюу 3-р сарын 30-нд гурван өөр хуралдаан болно.  

1. Хүний эрхийн асуудлаар анхны яриа хэлэлцүүлэг. ЕХ-ны хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэн дэмжих стратегийн хэсэг болдог энэхүү хэлэлцүүлэгийн гол зорилго Монгол улс хүний эрх, хуульт ёс, ардчиллын зарчмуудтай холбоотой хоёр талын болон олон улсын үүргээ дагаж мөрдөхөд дэмжлэг үзүүлэхэд оршиж байна. Уг хэлэлцүүлэг хүний эрхийн салбарт хөгжүүлэх хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг тодорхойлоход тусална.

2, Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдаан. Хуралдаанаар Монголын эдийн засгийн төрөлжилт болон гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэг өөр бусад асуудлаар ярилцана.

3. Хамтын ажиллагааны ажлын хэсгийн уулзалтаар тэргүүлэх чиглэлүүд, тэдгээрийн дунд хугацааны хэрэгжилтийн талаар ярилцана.

3-р сарын 27-29-нд Хөнгөлөлтийн ерөнхий системийн (GSP+) хэрэгжилтийн талаар уулзалтууд болно. GSP+ зохицуулалтын дагуу Монголын бараа бүтээгдэхүүн ЕХ-ны зах зээлд татваргүй нэвтэрдэг. 2015 онд Монголын Улсын экспортын 20% буюу 16 сая еврогийн бараа бүтээгдэхүүн ЕХ-ны зах зээлд татваргүй нэвтэрсэн байна.

Монгол Улс GSP+ хөтөлбөрт 2014 оноос хамрагдсан. Монгол Улс хүний эрх, хөдөлмөрийн эрх, байгаль орчны хамгаалалт, сайн засаглалын гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд нь туслах зорилготой энэхүү хөтөлбөрийн хүрээнд ЕХ-ны татварын нийт шугамын 66% -иас бүрэн чөлөөлж өгдөг.

ЕХ GSP+ хөтөлбөрийн хүрээний олон улсын 27 гэрээ хэлэлцээрийн хэрэгжилт, ерөнхий чиг хандлагад үнэлгээ хийхдээ оролцогч талууд, төр засаг, бизнес, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудыг оролцуулна. Мөн ЕХ-ны зүгээс оролцогч талуудад GSP+ хөтөлбөр хэрхэн хэрэгждэг, түүний үр өгөөжийн талаар мэдээлэл өгч, бодит амьдрал дээр хэрэгжихэд тулгарч буй аливаа асуудал, хүндрэлийн талаар ч сонсох болно.      

Ерөнхий мэдээлэл

ЕХ Монгол Улсыг тухайн бүс нутаг дахь чухал түнш хэмээн үзэж хамтран ажиллладаг. Монгол Улс 2016 оны 7-р сард Улаанбаатар хотноо АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад ЕХ идэвхтэй дэмжиж ажилласан.

ЕХ-Монголын худалдааны харилцаа 1993 онд хүчин төгөлдөр болсон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээгээр зохицуулагддаг. Хоёр тал өөр хоорондын экспортод хамгийн тааламжтай түнш улсын статусаар хандаж, худалдаа, эдийн засгийн харилцаагаа нэмэгдүүлэхээр тохиролцсон. Уг гэрээ Монгол Улсын хувьд ихээхэн үр өгөөжтэй. Хамгийн тааламжтай түнш улсын статусаар хандах заалтын үр дүнд Монголоос ЕХ-нд гаргасан 84 сая еврогийн экспортын 74% буюу 60 сая еврогийн бараа татваргүйгээр нэвтэрсэн байна.    

Түүнчлэн Монгол Улс ЕХ-ны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ татваргүй нэвтрүүлэх боломжтой Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+) буюу тогтвортой хөгжил, сайн засаглалыг дэмжих тусгай урамшууллын зохицуулалтын үр өгөөжийг хүртдэг. 2015 онд GSP+ системийн хүрээнд хамгийн их үр өгөөж хүртсэн салбар бол нэхмэл бэлэн хувцасны салбар, ойролцоогоор 15 сая еврогийн бараа бүтээгдэхүүн татваргүйгээр гарсан байна.

Энэ нь Монголын бараа бүтээгдэхүүн ЕХ-ны зах зээлд илүү сайн нэвтрэх боломж олгож, улмаар Монголын эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

ЕХ бол Монгол Улсын худалдааны гол түншийн нэг. 2016 онд ЕХ, Монголын хоорондын худалдааны нийт бараа эргэлт 380 сая евро байсан байна. Монгол Улс ЕХ-нд 67 сая еврогийн бараа бүтээгдэхүүн экспортолсон, ЕХ-ноос 313 сая еврогийн бараа бүтээгдэхүүн импортоор авсан байна.  

Монголоос ЕХ-нд гаргадаг экспортын гол бараа бүтээгдэхүүн нь хувцас, нэхмэл болон түүхий эд материал (ялангуяа ямааны ноолуур), ЕХ-ноос Монгол руу чиглэсэн экспорт гол төлөв машин механизм, химийн бодис, хүнсний бүтээгдэхүүнээс бүрдэж байна.

Улс төр, эдийн засаг, салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх шинэ гэрээ Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг ЕХ, Монгол Улс хэлэлцсэн. Уг хэлэлцээр нь ЕХ, түүний гишүүн орнуудын Монголтой хөгжүүлэх харилцааг улам өргөжүүлэн эрчимжүүлэх үндэс болно. Энэ бол хамтын үнэт зүйлс болох ардчилал, хуульт ёс, хүний эрх болон энэ чиглэлээрх олон улсын үүрэгтээ хүндэтгэлтэй хандах хандлагад тулгуурладаг ЕХ-Монгол Улсын харилцааны ач холбогдлын илэрхийлэл юм. Европын Парламент Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг батлахыг зөвшөөрсөн шийдвэрийг 2017 оны 2-р сарын 15-нд гаргасан, ингэснээр түүний хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдэж байна.  

Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн талаарх мэдээлэл

https://eeas.europa.eu/delegations/mongolia/20826/factsheet-eu-mongolia-framework-agreement-partnership-and-cooperation_en

ЕХ-Монголын харилцааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай вэб хуудаснаар авна уу

http://eeas.europa.eu/delegations/mongolia/index_mn.htm

Европын Холбооны GSP+ системийн талаархи мэдээлэл:                                      

http://trade.ec.europa.eu/doclib/docs/2017/january/tradoc_155235.pdf

Хэвлэлийн мэдээлэлтэй холбоотой хүсэлтээр дараахи хаягт хандана уу

Очирын Сугар eu_office@magicnet.mn

Languages:
Хянан засах хэсгүүд:

Зохиогч