Монгол Улсад дипломат төлөөлөлтэй болсны 20 жилийн ойг ЕХ тэмдэглэн, Улаанбаатар хотод ЕХ-ны кино өдөрлөгийг зохион байгуулж байна. (28/11/2011)

Европын Холбоо Монгол Улсад дипломат төлөөлөлтэй болсны 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа Европын Холбооны кино өдөрлөгийн нээлт 11-р сарын 23-ны Лхагва гаригийн үдэш “Black Box” театрт болж, өдөрлөгийг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Маркус Эдерер албан ёсоор нээлээ.

Энэ жил ЕХ-ны 10 гишүүн орон кино өдөрлөгт оролцож байна. Үүнд: Европын Холбооны Зөвлөлийг одоогоор тэргүүлж байгаа Польш улс болон Герман, Франц, Чех, Англи, Болгар, Унгар, Нидерланд, Испани, Люксембург улсууд орж байна. Киног тухайн улсын хэл дээр монгол хадмал орчуулгатай үзүүлнэ. 11-р сарын 23-27-ны өдрүүдэд болох кино өдөрлөгийн үеэр адал явдал, инээдмийн, эмгэнэлт гээд төрөл жанрын хувьд нэлээд өргөн сонголттой кинонууд гарах ба ингэснээр Монголын олон нийтэд Европын кино сонирхогчид ямар кино үзэж таашаал авч байгаа талаар мэдрэх боломжийг олгох юм.

ЕХ-ны Элчин сайд Эдерер ЕХ-ны гишүүн 22 улсын элчин сайд нар болон элчин сайдын яамдын төлөөллийн хамт Монголын төр засгийн удирдлагууд, тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд нартай дээд хэмжээний уулзалт зохион байгуулав.

Монгол Улсад дипломат төлөөлөлтэй болсны 20 жилийн ойн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ Элчин сайд Эдерер:

“20 жилийн тэртээ эхэлсэн Монгол Улсын шилжилтийн үеийн эхэн үеэс л ЕХ хамтдаа байсан бөгөөд өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол улсын төр засаг, монголын ард түмэнтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж ирсэн.”

“Монгол Улс сүүлийн 20 жилд багагүй бэрхшээлтэй замыг туулж ирсэн, ирэх 20 жилд ч нэлээд сорилт, шалгуурууд тулгарахаар байна. Ардчиллыг бэхжүүлэх, хуульт ёсыг дээдлэх, сайн засаглал бүхий бүх нийтийг хамарсан өсөлт, орлогын шударга хуваарилалт энэ бүхэн эдгээр сорилтыг даван туулах гол арга зам болох юм”.

“Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас шилжих шилжилтийг туулсан бөгөөд тэнцвэртэй өсөлт, тогтвортой хөгжлийг баталгаажуулж яваа ЕХ-ны гишүүн орнуудын туршлагаас хуваалцахад ЕХ бэлэн байна” хэмээн цохон тэмдэглэлээ.

Өнгөрсөн оны сүүлээр хоёр тал Монгол Улс болон ЕХ-ны хооронд байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн (ТХАГ) хэлэлцээг амжилттай явуулж дуусгасан ба гэрээнд ойрын үед гарын үсэг зурахаар төлөвлөж байна. ТХАГ нь хамтын ажиллагааг, ялангуяа Европын баримталдаг ерөнхий зарчим, хэм хэмжээ, стандартыг таниулан нутагшуулахтай холбоотой шинэ боломжуудыг нээх юм. Үүнтэй холбоотойгоор, ЕХ сүүлийн жилүүдэд Монгол Улсад үзүүлэх тусламжийн хэмжээг 40%-иар нэмэгдүүлээд байна. Энэ үйл ажиллагааны эхлэл нь болох 15 сая еврогийн санхүүжилт бүхий Мэргэжлийн техник, боловсролын сургалт болон Сайн засаглал, ардчилал, хүний эрх, институцийн шинэчлэлийг бүхий л шатанд дэмжих төслүүдийг хэрэгжүүлэхээр судалгааны  ажлыг хэдийнээ эхлүүлээд байна.

Европын зарчим, хэм хэмжээ, стандартыг нутагшуулах гэсэн Монголын засгийн газрын эрмэлзлийг ЕХ идэвхитэйгээр дэмждэг. Монгол Улс Европын стандартчиллын хороо (CEN)-ны Стандартчиллын түншлэлийн байгууллагын статустай болсныг сайшаан хүлээн авч байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад Европын зарчим, хэм хэмжээ, стандартыг нутагшуулахад маш чухал үүрэгтэй байх юм. ЕХ-ны хувьд Монгол Улстай эдийн засаг, улс төрийн холбоогоо улам бүр гүнзгийрүүлэх сонирхолтой байна.

Энэ айлчлалын хүрээнд, ЕХ-ны элчин сайдууд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ЕХ руу бараа бүтээгдэхүүнээ экспортолдог монголын компаниудыг хэрхэн үр бүтээлтэйгээр чиглүүлэн, дэмжиж болох талаар зохион байгуулах семинарт оролцох юм.

Монгол Улстай худалдаа, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах нь хоёр талын хүсэл эрмэлзэл. ЕХ-нд 7,200 гаруй бүтээгдэхүүнийг татваргүйгээр гаргах боломж олгодог GSP (хөнгөлөлтийн ерөнхий систем)-д Монгол Улс хамрагдах болсноор Монголын худалдаа, үйлдвэрлэлийн салбарт таатай нөхцөл бүрдээд байгаа билээ.

ЕХ нь Монгол Улсын гуравдахь хөршийн эрэлхийллийг таатай хүлээн авдаг. Монгол Улсын худалдааны гурав дахь том хөрш болохын хувьд, эрхэмлэн дээдэлдэг нийтлэг үнэт зүйлс, зарчмуудтайн хувьд ЕХ олон талаар өөрийгөө жам ёсны “гуравдахь хөрш” хэмээн үздэг ба энэхүү зорилтдоо бүрэн хүрэхэд бэлэн байна. 

Эцэст нь, ЕХ нь Монгол Улс цаазаар авах ялыг түдгэлзүүлж, улмаар НҮБ-ын цаазаар авах ялын эсрэг протоколыг соёрхон батлахад бэлэн байгаа талаар мэдээг хамтран ажилладаг талуудаас авч байгаадаа ихээхэн таатай байна. Энэ нь зөв чиглэл рүү урагшлах бас нэгэн алхмын илэрхийлэл болох бөгөөд ЕХ үүнийг бүрэн сайшаан хүлээн авах болно.

ЕХ, Монгол Улсын хоорондын харилцааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараахь линкээр орж үзнэ үү: www.delmng.ec.europa.eu